
Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүхээс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар тодрууллаа.
-Долоо хоногийн үнийн өсөлтийн шинэчилсэн статистик дүн мэдээ гарчээ. Хүнсний гол нэрийн ямар бүтээгдэхүүн өсөлт, бууралттай гарав?
-Өнгөрсөн долоо хоногийн буюу энэ сарын 23-ны байдлаар гурван төрлийн буюу Атар, Мишээл”-ийн зүсмэл, жижиг хар талхны үнэ 0,7-17 хувиар өссөн дүнтэй гарсан. Хархорин захад 200 төгрөг, Амгалан захад 300 төгрөгөөр тус тус өссөн байх жишээтэй.
-Шалтгаан нь юундаа байна вэ?
-Үйлдвэрээсээ талхны үнийг нэмсэн гэдэг. Үүнд, үйлдвэрийн зардал, шатахуун, түлшний үнийн нэмэгдэл нөлөөлдөг.
“ИДЭШ”-НИЙ ЦАГААР МАХНЫ ҮНЭ БУУРНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙСАН Ч ТӨДИЙЛӨН БУУРСАНГҮЙ
Идэш”-ний цаг тул махны үнэ тогтворжино гэсэн хүлээлт нийгэмд үүссэн ч төдийлөн мэдрэгдэхгүй байна?
-Махны үнэ харьцангуй тогтвортой гэж хэлж болно. Ерөнхийдөө хонь, үхэр, ястай, цул гээд махны үнэ бүх төрөлдөө 500 төгрөгөөр өссөн. Тухайлбал, хонины мах 2,1 хувиар буюу 24200-24700 төгрөг болж, нэмэгдсэн. Айл өрхүүд идшээ базааж буй энэ үед махны үнэ буурна гэсэн хүлээлттэй байсан ч тийм байдал ажиглагдсангүй. Он гарсаар махны үнэ ихэд хэлбэлзэж, 50 гаруй хувиар өссөн.
-Статистик мэдээнд үнийн огцом өсөлт, бууралттай онцлохоор ямар бүтээгдэхүүн байна вэ?
-Хүнсний ногооны үнэ ерөнхийдөө тогтвортой байна. Өндөг 620 төгрөгөөс 627 төгрөг болж өссөн дүнтэй байна.
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний өсөлт нэг айл өрхийн сарын өрхийн зардалд хэр дарамт учруулахаар байна вэ. Энэ талын тоон мэдээлэл байна уу?
-Энэ талын статистик мэдээлэл нэг сараар гардаг. Тиймээс арванхоёрдугаар сарын дундуур тодорхой болж, нэгдсэн дүн гарна. Ерөнхийдөө манай газар хүнсний гол нэрийн 20 гаруй бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтыг тооцоолон холбогдох яамд, Засгийн газрыг тоон мэдээллээр хангах үүрэгтэй.
-Арваннэгдүгээр сарыг 24-нд иргэдийн өдөр тутмын гол хэрэглээ болсон талх, нарийн боовны үнийг нэг өдөрт 300-700 хүртэлх төгрөгөөр огцом нэмсэн нь нийгмийг бухимдуулсан. Хэчнээн хувиар нэмж, ифляцад хэрхэн нөлөөлсөн талаарх статистик үзүүлэлт гарсан уу?
-Энэхүү үнийн савлагааны статистик дүн дараа долоо хоногт тодорхой болно.






4 цагийн өмнө

8 цагийн өмнө