“Euronews”:Монгол дахь эрх мэдлийн тэмцэл улам гүнзгийрлээ

Хуваалцах:
“Euronews”:Монгол дахь эрх мэдлийн тэмцэл улам гүнзгийрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлигын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсны улмаас тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох гэж байна. Төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Монгол Улсын Их Хурал (парламент) өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь уг шийдвэрийг дэмжжээ. Энэ нь Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгч албан тушаалаасаа сайн дураараа огцорсон анхны тохиолдол болж байна.

Хууль зүйн сайд асан, Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт буруутгасан юм. Албан тушаалаасаа бууж буй Ерөнхийлөгч ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдэж, өөрийн гэм буруугүйг нотлох боломж бүрдүүлэхийн тулд огцрох шийдвэр гаргаснаа хэллээ. Ийнхүү Монгол Улсын ардчилсан түүхэнд анх удаа бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч байна. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны 06 дугаар сард товлогдоод байсан юм.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Канадаас хийсэн гэх Фэйсбүүк шууд дамжуулалтын үеэр Х.Нямбаатар нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ "Тавантолгой-Гашуунсухайт" төмөр замын төсөлтэй холбоотойгоор 22 сая гаруй ам.доллар авсан байж болзошгүй хэмээн буруутгажээ.

"Тавантолгой-Гашуунсухайт" төмөр зам нь Монгол Улсын өмнөд хэсэгт орших, 234 километр урттай, стратегийн ач холбогдол бүхий төмөр зам бөгөөд Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний ордыг Хятад улстай хиллэх Гашуунсухайт боомттой холбодог юм.

Нямбаатарын мэдэгдэж байгаагаар, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд төмөр замын гэрээг өрсөлдөөнт тендергүйгээр "Бодь Интернэшнл" ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлсэн аж. Мөн уг буруутгалд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын нэр дурдагджээ.

Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр албан тушаалаа хүлээлгэн өгч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн нэр хүндэд халдсан тасралтгүй дайралттай тулгарч ирснээ дурдаад "Би ард түмнээсээ, төрөөсөө хэзээ ч хулгай хийж байгаагүй" гэжээ.  У.Хүрэлсүх цааш нь "Би Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэн болно" хэмээн мэдэгдсэн байна.  Төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн компани уг буруутгалыг няцааж, төслийг 2019-2022 оны хооронд, 2013 онд батлагдсан төсвийн хүрээнд багтаан хэрэгжүүлж дуусгасан гэж мэдэгдсэн байна. Тус компани "Төсөл захиалагчаас шилжүүлсэн 286 тэрбум төгрөгийн (ойролцоогоор 79 сая ам.доллар) урьдчилгаа төлбөрийг зөвхөн зориулалтын дагуу ашигласан болохыг төслийн гүйцэтгэлийн бүртгэл, санхүүгийн гүйлгээ болон банкны хуулгууд нотолж байна" гэжээ. Мөн уг мэдэгдэлд дурдсанаар, "төслийг хэрэгжүүлэх явцад нийт зардал нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй болохыг баримт бичгүүд баталж байна" гэжээ.

Монголын эрх баригч нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл

Тус улсад үүсээд буй сүүлийн үеийн улс төрийн үймээний цаана 2016 оноос хойш Монгол Улсыг удирдаж буй эрх баригч Монгол Ардын Нам (МАН) доторх эрх мэдлийн төлөөх ширүүсэж буй тэмцэл нуугдаж байна. Х.Нямбаатар нь Ерөнхийлөгчийн нэгэн адил эрх баригч Монгол Ардын Намын гишүүн боловч өөр фракцад харьяалагддаг. Монголын "Тэнгэр ТВ" хэвлэл мэдээллийн компанийн гүйцэтгэх захирал Амарсайханы Ундрал “Euronews” агентлагт өгсөн ярилцлагадаа "Эрх баригч нам доторх өрсөлдөгч фракцууд нь сөрөг хүчний гол эх үүсвэр болж, дотоод маргааныг улс төрийн хямрал болгон хувиргах эрсдэлтэй. Монгол Улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван Засгийн газрыг үдсэн бөгөөд фракцуудын хоорондын хагарал улам бүр ил тод болж байна. Энэхүү сөргөлдөөн нь хариуцлагын асуудал төдийгүй намын ирээдүйг хэн хянах вэ гэдэгтэй холбоотой юм" гэжээ. Ерөнхийлөгч (асан) өөрийн нэр төрөө сэргээж, шударга ёсыг тогтоохын төлөө ард түмэнтэйгээ хамтран ажиллахаа мэдэгдэж, улс орон дуудсан цагт хаана ч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Европтой харилцах харилцаа

Монгол Улс хоёр хүчирхэг хөрш болох Хятад, Оросоос гадна олон улсын бусад түншүүдтэйгээ харилцаагаа сайжруулахыг эрмэлзсээр ирсэн. Тус улс олон улсын түншүүд, тэр дундаа Европын Холбоотой харилцаагаа бэхжүүлэх зорилгоор "Гуравдагч хөршийн бодлого" хэмээх гадаад бодлогыг удаан хугацааны туршид баримталж ирсэн.

Хүрэлсүх албан тушаалаасаа огцрохоос ердөө нэг сарын өмнө Германд төрийн айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалынхаа үеэр тэрбээр Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзсан байна. Айлчлалын хүрээнд Монгол, Герман улсууд одоо байгаа стратегийн түншлэлээ бэхжүүлэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ. Үүнд сэргээгдэх эрчим хүч, боловсрол, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа багтаж байна.

Зургадугаар сарын 29-нд Брюссель хотноо болсон уулзалтын дараа гаргасан мэдэгдэлдээ Европын Холбоо нь Монгол Улсын "Гуравдагч хөршийн бодлого"-ыг дэмжиж буйгаа дахин илэрхийлсэн. Европын холбоо нь Монгол Улстай тогтоосон түншлэлээ ардчилал, хуулийн засаглалд суурилсан харилцаа хэмээн тодорхойлж, тус улсын эдийн засгийг төрөлжүүлэх үйл явцыг дэмжихээ илэрхийлэв.

https://www.msn.com/en-ae/news/other/mongolias-power-struggle-deepens-as-parliament-approves-presidents-resignation/ar-AA2hXI4K?ocid=BingNewsSerp


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих