
Зул сарын баярын уур амьсгалыг илтгэдэг хамгийн алдартай кинонуудын нэг болох “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” киноны шинэ анги бүтээгдэж эхэлжээ. Киног “Disney”-ийн харьяа “20th Century Studios” тус төслийг хөгжүүлж байгаа бөгөөд анхны хоёр киноны гол дүр Кевин Маккалистерын дүрээр алдаршсан жүжигчин Маколей Калкин уг бүтээлд эргэн оролцохоор болсон байна.
Киноны зохиолыг “Superbad”, “Pineapple Express” зэрэг бүтээлээрээ танигдсан Сет Роген, Эван Голдберг нар Маколей Калкинтай хамтран боловсруулах аж. Мөн тэд өөрсдийн “Point Grey Pictures” продакшнаар дамжуулан киноны продюсерээр ажиллах юм.
Анхны “Home Alone” кино 1990 онд нээлтээ хийж, дэлхий даяар 477.4 сая ам.долларын орлого олсон бол 1992 онд гарсан “Home Alone 2: Lost in New York” кино 359 сая ам.долларын орлогоор амжилтаа үргэлжлүүлсэн юм.
Харин үүнээс хойш цувралын дөрвөн анги Маколей Калкины оролцоогүйгээр бүтээгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 онд “Home Sweet Home Alone” нэртэй зургаа дахь кино “Disney+” платформоор үзэгчдэд хүрчээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу