УИХ энэ долоо хоногт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлахаар болжээ. Учир нь, хуульд Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс 70 хоногийн дотор дараагийн сонгуулийг товлон зарлана гэж заасан ч Сонгуулийн ерөнхий хорооноос нэгэнт нөхцөл байдал тодорхой болсон учраас даруй зарлах ёстой гэж зөвлөжээ. Тиймээс арванхоёрдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлана гэснээ цуцалж, энэ долоо хоног болгон наашлуулсан байна. Хэрвээ энэ долоо хоногт багтаан сонгуулиа товлож амжвал хоёрдугаар сарын сүүлчээр эсвэл гуравдугаар сарын эхний долоо хоногт товлохоор байгаа аж.
Ерөнхийлөгчийг чөлөөлсөн өдрөөс тооцоход хоёрдугаар сарын 5,6-наас гуравдугаар сарын 19-ны хоорондох хугацааг сонгож дараагийн сонгуулийг товлох ёстой болжээ. Гэхдээ өвөл сонгууль явуулахад ирц бүрдэхгүй, нэмэлт санал хураалт явуулах эрсдэлтэй. Тиймээс энэ жилийн хоёрдугаар сарын эхээр Цагаан сар болох учраас хоёрдугаар сарын сүүлийн долоо хоног юм уу, гуравдугаар сарын эхний долоо хоногийг сонгож, сонгуулийг товлох тооцоо гарчээ. Энэ өдрүүдэд сонгуулийг товловол нам, эвслүүд нэгдүгээр сарын дундуур нэр дэвшигчээ тодруулж, санал авах өдрөөс 16 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааг эхлүүлэхээр байгаа аж. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай таван нам, эвсэл хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй ч зарим нам, эвсэл хамтарч орж магадгүй гэсэн мэдээлэл бий.