Х.Нямбаатар хэлсэн үгэндээ хүрч, хэзээ Монголд ирэх вэ?

Хуваалцах:
Х.Нямбаатар хэлсэн үгэндээ  хүрч, хэзээ Монголд ирэх вэ?

Сүүлийн сар гаруйн хугацаанд Хотын дарга асан Х.Нямбаатар Канадаас шууд дамжуулалт хийж, Ерөнхийлөгчийн дарангуйлал Монгол Улсад тогтож буй талаар шүүмжилж, “Явах цаг боллоо ”. Та 36 жил Монголын төрд зүтгэлээ. Чөмөг чинь дундраагүй юу? хэмээн У.Хүрэлсүхээс ам асууж, олон тэрбумын орд харш, хотын төвд өөрийнх нь хамаарал бүхий ТББ-ын нэр дээр олон тэрбумын тауэр босч байгааг илчилж, хөрөнгө орлогоо нотлохыг шаардсаар ирсэн юм. Сүүлд "Бодь"-иос сонгуулийн хандив болгон 100 тэрбум төгрөг авсныг гэрчлэх амьд гэрч бий хэмээн баримт дэлгэснийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Энэ баримт биш. Сторидоо оруулсан хүмүүсийн зураг л байна" гэх тайлбар хийсэн. 

Тэгвэл Х.Нямбаатар эл авлигын хэрэгт хэд хэдэн хүний нэр дурдсаны нэг нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр саяхан "Х.Нямбаатар аа, элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол! Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй! Гагцхүү нотлох баримтаа л бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл!

Нотлох баримт гэж хэдэн зураг эвлүүлээд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж хов ярих хөгийн чадваргүй хуульч, хийсэн үйлийнхээ арыг дааж чадахгүй гадаад руу зугтсан арчаагүй ч эр бол доо, чи! Олон аавын хүү гэмт хэрэг хийгээгүй бол шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод, хийсэн бол хариуцлагаа үүрээд нэр төртэй гардаг юм шүү. Адгийн шаарууд л хулгай нь илрэхээр, хувьсгалч болж, худал гүтгэлэг тараагаад эхэлдэг юм!" хэмээн байр сууриа хатуухан илэрхийлж байлаа. Харин Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр У.Хүрэлсүхийн мэдэгдлийн дараахан дэд сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдэн, нэр төрөө цэвэрлэнэ гэлээ. Бас нэгэн гэнэтийн шийдвэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярынх байв. Тэрбээр мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн юм. Ийнхүү ар араасаа шил дарсан гэнэтийн шийдвэрүүд Х.Нямбаатарт хэрхэн туссан бол.  

Харин одоо Хотын дарга асан Х.Нямбаатар хэлсэндээ хүрч,амлалтаа биелүүлэх болов уу гэдэг хүлээлт нийгэмд  хэдийнэ бий болсон. Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрөнгө орлогоо нотолсон, хариуцлага хүлээсэн эхний өдөр би Монголд давхиад  очно" хэмээн мэдэгдсэн. У.Хүрэлсүх болоод түүнтэй хамт авлигын хэрэгт нэр нь дурдагдсан нөхөд ажлаа өгч шалгуулахаа мэдэгдлээ. Харин Х.Нямбаатар хэлсэн үгэндээ хүрч хэзээ эх орондоо ирэх вэ? 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх