
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнг танилцуулсан байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр "Гангын үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолтой этгээдүүдэд дэлхий даяар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 60 гаруй аж ахуйн нэгжид урилга хүргүүлсэн. Энэ хүрээнд хоёр аж ахуйн нэгж шалгарч үлдсэн.
Өнгөрсөн долоо хоногт үнэлгээний журмын дагуу БНХАУ-ын Бээжин Жяньлун Хэви Индастри компанийг шалгарууллаа. Гангийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт барина. Шалгарсан аж ахуйн нэгжтэй Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулж, хэлэлцээр хийж эхэлнэ. Энэ талаар шаардлагатай бол УИХ-д танилцуулж, баталгаажуулсны үр дүнд ирэх хавар гэхэд барилгын ажлыг эхлүүлнэ. Гангийн цогцолбор нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэртэй болно. Нийт 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна" гэв.




