Д.Амарбаясгалан нэг юм хэлсэн...

Хуваалцах:
Д.Амарбаясгалан нэг юм хэлсэн...

       Эцэс төгсгөлгүй юм байна аа, энэ янзаараа. Эцэс болгож дуусгаад, эхлүүлж байж л шинэ болдог, шинэ үр дүн үүсдэг. Монгол орон чухам энэ эргэлтийг л бүх ард түмэнтэйгээ, улс төрийн намуудтайгаа, үнэхээр шинэчлэе гэсэн улстөрчид байгаа бол тэдэнтэйгээ нийлээд хийхээс өөр зам үлдээгүйг энэ өдрүүдэд бид харж байна. Н.Учрал, Н.Номтойбаяр нар өчигдрөөс эхлээд Х.Баттулгыг ажлаа өг, шалгуул гэдэг тулгалтыг тавьлаа. Тэртээ тэргүй энэ сүүлийн гучин жил, Монгол төрийг баригсдын хагас жаран чинь хэлбэрэлтгүй идлэг уулга, тонолог мөлжлөгийн цаг хугацаа байлаа гэдгийг энэ улсын ард түмний амьдрал, улс орны эдийн засаг,  Монгол орны өр шир төгс төгөлдөр нотолчихсон. Ямар ч хуульт ёс үйлчилдэггүй, ердөө хэдэн хүн л засаглаж байгаа нэртэй тоглосоор, энэ он жилүүд шил шилээ даран үргэлжилсээр, нэгнээ шалгаж дуусдаггүй, идэж ууж дуусдаггүй тонуулч төрчдийн тоглоом болсоор энэ улс бүрмөсөн сүйрэх нь байна шүү дээ. Хаана байна тэр шударга ёс, тэр эрх чөлөө.

Сүүлийн арван жилийг л гээд харахад хэнд ч тодорхой л байна шүү дээ. АТГ, Ерөнхий прокурор, Цагдаа, Тагнуулын дарга  (З.Дашдаваа, Б.Жаргалсайхан, Ж.Болд, П.Одонбаатар) дөрвөн хүнийг улсын нэг, хоёр, гуравдугаар төгс эрх мэдлийг арван жил эзэмшицгээсэн У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар сэлгүүлэн томилж, тэдгээр хүмүүс  ажлаа хийсээр энэ хүрэв. Өнөөдөр тэрийг шалга, энийг шалга гэж орилолдоод яана, ердөө л нэгнийхээ чихэнд үг шивнэсэн сармагчингаас огт ялгаагүй ийм дүр төрхийг бүтээж ирлээ. Хэсэг бүлгээрээ нийлж нэгнээ өнцөгдүүлж, нэгнээ нэг тодорхой цаг хугацаанд түлхэж, шоронд хийж ирсэн л түүх байна. Х.Баттулгыг гарцаагүй шалга гэж байгаа Н.Номтойбаяр өөрөө яг ийм байдлаар яллагдаж байсан. Н.Энхбаярыг, С.Баярыг, С.Баярцогтыг ч тэгсэн. Бүгд идлэг уулга, тонолгын л ганц шалтгаантай. Өнөөдөр Н.Номтойбаяр Х.Баттулгыг нэг хэсэгтэйгээ нийлж, хонзонгоо аваад үр дүн байна уу, нөгөөдөр Х.Баттулгын үр хөврөлүүд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн угшилынхантай нийлээд л Н.Номтойбаярыг намнана биш үү.

Өөр юу ч биш. Монголын улс төрийн лидерүүд гэх М.Энхболд, С.Баярцогт, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх, энэ хэдэн хүн нэгнээ ээлжлэн намнаж, ээлжлэн шоронд хийж, ээлжлэн шившигтэйгээр тэврэлдэн, төр засгийн эрхэнд сууж ирсэн, үр дүнд нь хулгай завхрал огт зогсоогүй, улам гаарсаар ирснийг Монголд үгүйсгэх хүн үгүй. 

Одоо тэгээд хэнийгээ ариун гэх гээд байгаа юм, хэнийг хулгайч гэх гээд байгаа юм. Энд хэн нь ч ариун бус, харин Монголын төрийг бий болгож, сонголт хийж, сонгож энэ дайтай улсын голыг таслалгүй шиг авч явж ирсэн, бүсээ эцэст нь тултал чангалж ирсэн Монголын ард түмэн л ариун юм. Өөр ямар ч бодит, зөв хариулт олдохгүй. Үнэн нь энэ юм. Монголын улстөрчид архинд, хар томхинд донтсоноос  хэд дахин долоон дороор тонох, идэх, эрх мэдлийн хэмжээгүй шуналын төлөө зүтгэж, шударга ёсыг таягдсаар, өнөөдөр Монголын ард түмэн тэдний бүтээсэн эрх ямбын төлөөсийг дааж чадахгүй сөхөрч байна.

Улс орноороо авлигажиж, үүнийг нь дээд эртхнүүд гардан хэрэгжүүлж, хуулийн засаглал гэгч нь гагцхүү энгийн дорой ард түмэнд яс үйлчилж байна. Арван тарваганы хэргээр шоронд суудаг шиг өчнөөн жишээ энд бий. 

Монгол өнөөдөр ерөөсөө бүх түвшиндээ системийн шинэчлэл угсрахаас, бүтээхээс нааш энэ бүх завхрал арилахгүй. Парламент нь төгөлдөржиж, Ерөнхийлөгчийг тэндээсээ сонгож, гагцхүү ард түмний эрх ашгийг дээдлэн, эв нэгдлийг хангагч нэр цэвэр цомхон бүтэцэт болгож ажиллах л хамгийн чухал үйл болжээ. Болдог бол өнөө жилийн идэшний үхрээ унагахаас өмнө системийг унагаж, тэрхүү шинэ системээ угсармаар. Үүнийг л гарцаагүй хийхээс өөр сонголт монголчуудад үлдсэнгүй. Тэртээ тэргүй Монголын ард түмэн төрийн дээдсүүдээ хэнийг нь хэн болохыг яс махаараа, зовлон зүдгүүрээрээ бүрмөсөн ойлгосон. Улсаа өөд татья гэсэн чин санаатай улстөрчид бишгүй бий байх.

Үнэндээ бол бүгд зөв ярьж, буруу хийсээр ирсэн. Эртэд, Д.Амарбаясгалан нэг юм хэлсэн. Содон байсан. Агуулга нь Монгол орныг хүнээр бодвол төр нь данхайж, өөх мах, булчингаа л нэмээд байдаг яс нь дийлэхээ байжээ гэж. Тиймээс суурь араг ясаа бэхжүүлье, сольё оо гэдгийг хэлж байх шиг байна лээ. Махаа даахгүй ястай, төр засгийн бүтцийг хөгжүүлж явж байгаа нэртэйгээр улам хорлон бусниулсаар ирлээ. 126 гишүүнтэй, олон намын тогтолцоот парламент түүнийг гардан хэрэгжүүлэх ёстой. Ингэж засах хэрэгтэй гэж тэр хүн хэлэх шиг болсон. Энэ бол “орчуулбал” системээ шинээр бий болгоё гэж хэлсэн үг гэж ойлгогдсон. Одоо Д.Амарбаясгаланд түүнийг нь хийлцэх хань нөхөд байдаг бол чухам тэр лүүгээ л ханцуй шамлан зүтгэж , хамрынхаа нармайг нээлгэсэн ч тэмцмээр байна даа. Энэ л хамгийн чухал. Бусад нь яахав, нэгнээ шалгаад, нэр төрөө цэвэрлэлцээд л, хулгайгаа яриад л цаг нөхцөөн байж байна биз. Эхлэл шинэ зөв болоход урьдын түүхийн хэн ч, ямар ч “ариунтан” мөнөөх шинэ араг яст системд эрэг шураг, жийргэвч төдий ч үүрэг гүйцэтгэж чадахгүй юм. 

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих