Хувийн хэвшлээ үзэн яддаг Засгийн газар бий боллоо. Хамгийн их ажлын байр бий болгодог жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбараа яаж ийж байгаад дампууруулна даа гэдэг Засгийг газартай боллоо. Ирэх жилийн буюу 2027 оны улсын төсвийг бид хэлэлцсэн болоод л батлах нь. Оюутолгойгоос орж ирнэ гэх байгаа, байхгүй нь тодорхойгүй ногдол ашгийг улсаараа булаалдаж энд ч зарцуулна, тэнд ч зарцуулна гэж хэрэлдсээр улсын төсвөө бараг л хэлэлцсэнгүй.
Төсвийн өөрчлөлт оруулах боломжтой гуравдугаар хэлэлцүүлгийг Засгийн газар нь Оюутолгой ногдол ашгийг ингэж ч хуваарилна, тэгж ч хуваарилна гэсээр гишүүдийнхээ хөлийг тушиж, амыг нь дарж байгаад дуусгав. Үр дүнд нь гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, Засгийн газраас өргөн барьсан төсөвт хяналт тавих үндсэн хуулиар олгосон онцгой эрхээ алдаж амаа үдүүлэв.
Цөөн хэдхэн гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй бодит бүх саналыг нам, намаараа үгсэн нийлж байгаад жадлан эсэргүүцэж унагаав. Эцэст нь арван их наядаар тэлсэн, сонгууль угтсан, авлигажсан, үрэлгэн, ирээдүйг хараагүй гэх есөн шид нь бүрдсэн төсөв баталж байна.
Улсын төсвөө арван их наядаар тэлчхээд ирэх жил инфляцыг зургаан хувьд барь. Монголбанкаа гэдэг бол мунхаглал шүү, УИХ, Засгийн газрын гишүүд ээ. Тийм боломж ч хаана ч байхгүй.
Тийм учир иргэд аж ахуйн нэгжүүд Засгийн газрын худал ярианд итгэж, төлөвлөв дөө гэж захья. Хувийн хэвшлээ үзэн яддаг Засгийн газар бий боллоо. Ирэх жил инфляцыг зургаан хувьд барих ямар ч боломжгүй. Үүнийг ямар ч эдийн засагч хэлнэ. Багадаа 10-12 хувьд барьж чадах уу гэдэг л болно, арван хувийн инфляц гэдэг энгийн үгээр иргэдийн худалдан авах чадварыг арван хувь муутгаж байгаа гэсэн үг.
Таны халаасанд байгаа нэг сая төгрөгийн 10 хувь буюу 100,000 төгрөгийг Засгийн газар нь буруу бодлогынхоо үр дүнд иргэдээсээ булааж авч, дээрэмдэж байна гэсэн үг.
Цаашид улсын төсвийг гишүүд хахуулдуулан амаа үдүүлж, Засгийн газар шилний цаанаас чихэр долоолгож байгаад батлуулдаг энэ байдал дахин битгий гараасай. Эргэж буцсан, тодорхойгүй энэ байдалд иргэд бухимдаад бас ядраад байна. Эцэст нь Засгийн газартаа иргэд олон нийт чинь итгэхгүй болж байна!
Төр мөнгөгүй биш бодлого нь буруу байгаа учир иргэд олон нийт нь зүдрүү бас ядуу байна.