Францын эрх баригчид жагсагчдад буулт хийжээ

Хуваалцах:
Францын эрх баригчид жагсагчдад буулт хийжээ
Францын Засгийн газар сурагч, оюутнуудын өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалын хариуд боловсролын салбарт шинэчлэл хийхээ мэдэгдэв. Гэвч залуучуудын байгууллагуудын төлөөлөгчид санал болгосон арга хэмжээнүүдийг хангалтгүй гэж үзэж, 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 5-нд дахин жагсаал зохион байгуулахыг уриалжээ.
Аравдугаар сарын 26-ны даваа гарагт ахлах ангийн сурагчид болон оюутны байгууллагуудын төлөөлөгчид Францын Ерөнхий сайд Себастьен Лекорнютай уулзаж, нөхцөл байдлыг зохицуулах Засгийн газрын саналыг сонссон байна.
Засгийн газрын гол буултуудын нэг нь их, дээд сургуульд элсэгчдийг бүртгэх, сонгон шалгаруулахад ашигладаг “Parcoursup” цахим платформыг үе шаттайгаар халж, өөр системээр солих шийдвэр байв. Ахлах ангийн сурагчид уг системийн сонгон шалгаруулалт ил тод бус, шударга бус байна хэмээн удаа дараа шүүмжилж иржээ.
Эрх баригчид 2027 онд уг платформын үйл ажиллагааны механизмыг шинэчлэн, ил тод байдлыг нь сайжруулж, 2028 он гэхэд одоогийн системийг бүрэн солихоор төлөвлөж байна.
Түүнчлэн Засгийн газар их, дээд сургуулиуд элсэлтийн квотыг 15 мянгаар нэмэгдүүлэхээ амлажээ. Мөн ахлах сургуулийн зарим ангид сурагчдын тоог 28-аар хязгаарлахаар төлөвлөж байна. Мөн хуучирч муудсан сургуулийн барилгуудыг засварлахад бага хүүтэй зээл хэлбэрээр дөрвөн тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болжээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих