
"Deutsch Motors"-ын хувьцааны ханшийг зохиомлоор өсгөж, бууруулсан хэрэгт оролцсон, мөн "Эвлэрлийн сүм" (Unification Church)-ийн хүсэлтүүдийн хариуд тансаг зэрэглэлийн цүнх, хүзүүний зүүлт авсан хэргээр яллагдагчаар татагдсан Тэргүүн хатагтай асан Ким Кён Хи дөрвөн жилийн хорих ял сонслоо.
Дээд шүүхийн бүрэн бүрэлдэхүүн (шүүх хуралдааныг даргалагч шүүгч Пак Ён Жэ) энэ сарын 19-ний өдөр Ким Кён Хи болон тусгай прокурорын багийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан дөрвөн жилийн хорих ял, 50 сая воны торгуулийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин 2022 оны 03 дугаар сарын сонгуулийн өмнө Мён Тэ Гюнээс олон нийтийн санаа бодлын судалгааг үнэ төлбөргүй авсан гэх хэрэгт шүүгчдийн 10 нь "гэм буруугүй" гэж үзсэнээр түүнийг буруутгасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Тусгай прокурорын баг Ким Кён Хиг Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлтой хуйвалдаж, 2021 оны 06 дугаар сараас дараа жилийн 03 дугаар сарын хооронд Мён Тэ Гюнээс нийт 274.4 сая воны үнэ бүхий олон нийтийн санаа бодлын судалгааг 58 удаа үнэ төлбөргүй авсан гэж үзэн буруутгаж байсан юм.
Анхан шатны шүүх Кимийг 2022 оны 07 дугаар сард "Нэгдлийн сүм"-ээс "Chanel" брэндийн цүнх, "Graff" брэндийн хүзүүний зүүлт авсан хэрэгт буруутгаж, нэг жил найман сарын хорих ял оноосон байна. Харин давж заалдах шатны шүүх түүнийг "Deutsch Motors"-ын хувьцааны ханшийг зохиомлоор өсгөх үйл ажиллагаанд хэсэгчлэн оролцсон, мөн 2022 оны 04 дүгээр сард "Нэгдлийн сүм"-ээс "Chanel" брэндийн цүнх авсан гэх үндэслэлүүдийг нэмж тооцон, ялын хугацааг дөрвөн жил болгон нэмэгдүүлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу