С.Баярцогт хоёр асуултад хариулах шаардлагатай

Хуваалцах:
С.Баярцогт хоёр асуултад хариулах шаардлагатай

Нөхөр Сангажавын Баярцогт өнөөдөр өөртөө хоёр асуултыг тавих болсон мэт. Энэ нь, нэгдүгээрт, Ардчилсан нам яагаад ЕТГ-ын нэгэн хэлтэс гэгдэх болов гэх асуулт, хоёрдугаарт, АН-ын генсек С.Баярцогтыг Хяналтын Ерөнхий Хороо нь өвч шахуу ирцтэйгээр огцруулах дүгнэлт чиглэлийг баримтлах болов гэдэг мөн нэгэн асуулт байгаа юм. 
С.Баярцогт эдгээр хоёр асуултад тун бодьтой хариулж, олон нийтэд илэрхийлэхгүй аваас түүнийг огцруулагдсан мэтээр ойлгох, тэр үр дүнг уухайлан дэмжих масс бэлээхэн байгаа юм. Учир юун гэвээс, нийгмийн сэхээтэнлэг, оюун санаатай маш бага хэсэг, бас АН-ын генсекийн ерөнхий боловсрол, дүр төрхөнд ямагт сайн оноо тавьдаг эсрэг хүйст нийгмийн нөлөөлөгчдийг эс тооцвол  С.Баярцогтын сүүлийн жилүүдийн нэр хүнд ерөөс гавиагүй. Зориудаар унагах кампанит ажил их хийгдсэн, нөгөөтэйгүүр Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баярцогтыг зөвтгөх аргагүй ужиг үр дүн өнөөдөр ч үргэлжилсээр. Гэрээг хийсэн, эхлүүлсэн гэдэг өөрийн нь үргэлжийн бахархалд санал нэгдэнэ. Гэвч эхлүүлсэн гэдэг гавьяа нь үргэлжлэл дээрээ үл бүтэх үр дүнтэй, тун дорвигүй, Монголд шимгүй байсаар байгаа нь өдөр бүрийн 12 тэрбумын хүүллээр бүрнээ зөвшөөрөгдөнө.

С.Баярцогт Монголын улс төрд дөчин жил явж байна. Тэр төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашсан ч, төрийн нэг, хоёр, гуравдугаар хүний зэрэгт хүрч чадаагүй энэ хүрэв.


Гэтэл түүнээс бараг хорин жилийн дараа улс төрд орж, өөртэй нь “Хоёр Цогт” хэмээгдэн ижилсэж, өргөгдөх үзэл суртлыг өдөөж явсан С.Бямбацогт эдүгээ спикер болж, С.Баярцогтоос хамаагүй илүү байр суурьт хүрч чаджээ. Угтаан бол, С.Баярцогтын ерөнхий үнэлгээнд үндэслэгдэн хэдийнэ Ерөнхий сайд, Их хурлын дарга болсон байхаар хүлээлтийг үүсгэж ирсэн авч, өнөөдөр тэр эрэлтэд хүрч чадаагүй нь нарийн ярьвал бичвэрийн эхэнд сануулсан хоёр асуулт мэт утгаас эрэл мөшгөлтэй. Н.Энхбаярыг хаан явахад С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар л чухамхүү хэлцэл, зөвшлийг хийж, АН, МАН-ын хамтралууд дээр ардчиллын энэ хоёр залуу өрөм тос хүртэж ирсэн нь түүхэнд бичигдчихсэн. Эндээс ямар дүгнэлт харагдаж байна гэхээр, ерөөс өөрийн шулуун дардан тэмцэл, эргэлтгүй зоримог шалгаралд ир дутаж ирсэн мэт.

Хэрэв аливаа ийм “хуйвалдаанч” байдалд үл оролцдог, тууштай цэгц чигч зоримог, хэлбэрэлтгүй явж ирсэн аваас хэдийнэ илүү хүлээн зөвшөөрөгдөж, наанадаж реформ хийх дээд суудалд очих, цаашлаад хар гэрт суухгүй байх эрэмбэтэй явж ирэх байсан нь намтраас нь харагдаж дүгнэгдэнэ. С.Баярцогт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Польш, Чехэд нэгэнтээ явж ирсэн, мөнхүү ирснээс хойш түүний суудал сандал бэхжсэн ч, өнөөдрийн өөрийг нь огцруулах чиглэлийн асуудал салхи мөнөөх үеэс уугисан, ассан байх илтэд магадтай. Ардчилсан намд ирэх хоёр оны сонгууль ээл өгөөжөө өгөх улс төрийн нөхцөл байдал бүрнээ харагдаж байгаа. АН-ын нэгэн лидер З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд явах, өрсөлдөх хүсэлтэй байгаад эс хүчрэх болов. Энэнээс, үүнээс үүдээд л З.Энхболд алтан, ган баатар, төмөр, бат гэгчүүд, метал орцтой нэртнүүд Ерөнхийлөгч болох боломжтой байна гэдэг төлгийг задалсан, зориуд тэр улс төрийн утааг уугиулж байгаа юм. Тэр нь ч нийгэмд үнэмшилтэй. С.Баярцогт уг нь ирэх хоёр оны сонгуульд АН-ыг ялуулж чадвал хүссэн хүсээгүй түүнд оноо очно. Эрхэнд сууна. АН-ын генсекээрээ байгаад, ухаалаг байж чадвал шүү дээ. Чухам энэ учраас л С.Баярцогтод нийгмийн нийтлэг эрх ашиг, АН-ын жирийн гишүүд дэмжигчид, ардчилалд хайртай ард түмний сэтгэл эрмэлзлээс мөнөөх дээрх хоёр асуулт тавигдаад байгаа юм. АН-ыг Засагт оруулах гэж “янаглах” Ховд-Говь-Алтай чигийн хүний өөрийн нөхөд бол эзэнд ээлтэй харагдахыг хичээж байгаа ч, эх их санаа нь их өөр, ерөөс С.Баярцогтоор могой бариулах гэсэн л бядан явагч хүмүүс байгааг улс төрийн гол тогоо, утаа униар, гал хөө дотор олон жил явсан Сэлэнгийн Ардчилсан намын дарга мэдэхтэйгээ нь дамжиггүй дээ. С.Баярцогт уг нь эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө, ардчиллыг бүрнээ танисан, харли дэвидсон хөлөглөсөн Данзанч маягийн хүн юмсан.  

С.Баярцогт бусдад улс төрийн “өртэй” байж болох ч, АН-аа МАН-ын  хашаанд аваачаагүй гээд арай эх оронч Солийн Данзан шиг “ буудуулчихгүй” байлгүй дээ.

 Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих