
Дуучин Ц.Ариунгоо 2026 оны аравдугаар сарын 29-ний 18.40 цагийн үед Баянзүрх дүүргийн XXXYI хорооны нутаг дэвсгэр дэх “Еmerald” хотхоноос гараад сураггүй болж, түүнийг цагдаа нар болон гэр бүлийнхэн нь эрэн хайсаар байгаа юм. Энэ талаар түүний төрсөн эгч Ц.Ариунсайхан дараах мэдээллийг өглөө.
Мэдээлэлд, Дүү минь аравдугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Бид аравдугаар сарын 30-ны өдөр цагдаад мэдэгдсэн. Эрэн хайх ажиллагааг БЗД-ийн цагдаагийн I хэлтэст арваннэгдүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Үүнээс хойш хийсэн, бидний мэдэж байгаа (бидэнд мэдэгдэхгүй хийж байгаа ажлын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Жишээ нь, гар утас шалгах гэх мэт) ажлуудыг дурдвал:
1. Ар гэр, найз нөхөд, ажлын хамт олон, цагдаагийн алба хаагчид нийлсэн 50 гаруй хүн БЗД-ийн 26, 36-р хорооны бүх орон сууц, гараж, баригдаж байгаа барилга гэх мэт газруудаар явж хайсан.
2. Явсан зам дагуух ААН, албан байгууллагуудын камеруудыг шүүсэн (Хамгийн сүүлд үзэгдсэн камерын бичлэг дээр очоод зогссон ба үүнээс хойш явган хүний зам дагасан камер байхгүй тул тасарсан).
3. Буцаад явсан байж болзошгүй гээд буцаж болох зам дагуух камеруудыг ахин шүүсэн.
4. Хамгийн сүүлд үзэгдсэн камераас дараагийн камер хүртэлх зайд цагдаа, онцгой байдлын баг үнэрч нохойтой самналт хийсэн, ОБЕГ-ын нэг дрон нисгэсэн.
5. Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр НЦГ-аас 150 орчим хүнээр хүч нэмэгдүүлж, самналт хийсэн газрын радиусыг тэлж, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулж ахин самналт хийсэн.
6. Бидний зүгээс хувь хүмүүсийн хүчин чадал сайтай арван дрон хөлсөлж, самналт хийсэн бүх хэсэгт ахин дрон нисгэж, мэдээллийг цагдаа нарт хүргэсэн.
7. Мөн бид сайн гэсэн лам, бөө, үзмэрчдээр мэргэлүүлж, хэлсэн зүг чигт өөрсдийн хүчээр хайсаар байгаа ба хамгийн олон удаа давтагдаж байгаа мэдээллийг нэгтгэн цагдаа нарт өгсөн. Одоогоор ямар нэгэн сэжүүр гараагүй байна.
Иймээс Миний дүүг харсан үзсэн хүн байвал доорх дугааруудаар бидэнтэй холбогдож туслахыг хүсье.
Холбоо барих утас 88651590, 88883005, 89973970, 99982038 гэжээ.




