Төрөлт 3.9 хувиар буурч, нас баралт нэмэгджээ

Хуваалцах:
Төрөлт 3.9 хувиар буурч, нас баралт нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд төрөлтийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан албан мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 38,829 эх амаржиж, 39,149 хүүхэд төржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 3.9 хувиар буюу 1,596-аар, төрсөн хүүхдийн тоо 3.9 хувиар буюу 1,584-өөр тус тус буурсан үзүүлэлт юм.

Мөн мянган хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувиар багассан байна. Үүнийг бүс нутгаар нь авч үзвэл, нийслэл хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт мянган хүнд ногдох төрөлт улсын дунджаас 0.3-4.8 хувиар илүү байгаа бол бусад аймагт 1.0-6.6-аар бага байна.

Нөхөн үржихүйн насны иргэдийн дунд ийнхүү төрөлт буурах болсон нь хөдөлмөрийн насны залуучууд гэр бүл төлөвлөлтөөс илүүтэй хувийн карьер, боловсролдоо анхаарах болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хүсээгүй жирэмслэлт нэмэгдэж байгааг эмнэлгийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм. Тодруулбал, жилд дунджаар 12-оос дээш насны хүүхдүүд төрөх болон үр хөндөлт хийлгэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгаа нь өсвөр үеийнхний бэлгийн боловсролын асуудлыг хөндөж байна. Түүнчлэн төрөлт буурахын зэрэгцээ нас баралтын тоо өссөн статистик гарчээ.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд 13,331 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар буюу 168 хүнээр нэмэгдсэн байна. Мянган хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Булган, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Төв аймагт улсын дунджаас 0.1-0.4-өөр илүү байгаа бол Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгаас бусад аймагт 0.1-0.8-аар бага байна.
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх