Жавхлант, Шивээ толгой дээрээ Г.Тэмүүлэн танго бүжмээр байна

Хуваалцах:
Жавхлант, Шивээ толгой дээрээ Г.Тэмүүлэн танго бүжмээр байна

   Гишүүн Г.Тэмүүлэн нийтийн бүжигт тун сайн юм билээ. Архангайн тойрогтоо очиж ингэж бүжсээр, сум орон нутгийн хүүхнүүдтэй буруу зөвгүй эргэсээр гурав сонгогдчихлоо. За тэгээд, Эрдэнэтэд эзэн явсан аавын буян бас их ээ. Орон нутагт, тойрогтоо эргэлдэх Г.Тэмүүлэнгийн бүжиг бол Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн, тэгээд ердийн нийтийн вальсаар л хөгжөөд байгаа шиг харагддаг. Тийм бичлэгүүд нь ихээхэн гарч, үзэгдэж, “Тун эвтэйхэн залуу шүү. Нийцэмжтэй...” гэлцэх байдлыг ихээхэн үүсгэдэг. Нийтийн энэ соёлд тэмүүлэлтэй, сонгогчидтойгоо бүжихийн буруу огт үгүй ээ.

Г.Тэмүүлэн Хуулийн яамны сайд боллоо. Сайд болуут С.Амарсайханы сольсон хүмүүсийг эргүүлж томилов, цагдаагийн дарга байсан, Цэцийн гишүүн явсан хүмүүсийг Төрийн нарийн бичиг, зөвлөхөөрөө тавив, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлуудад цэвэрхэн, энгийн хариулт эвлэг хэлэв. Ер нь нэг тийм нийтийн бүжгийн хэмнэлтэй, хэмжээтэй л явж байна.  Бүүвэйлсэн л маягтай. Тусгай албаны нэг генерал байж боломгүй үйлдэл хийсэн атал түүнийг чөлөөлүүлэхгүй төлөвтэй, би эс мэднэ гэх, хилийн цэргийн генералыг мөн л толгойг илэх. Нэн тодорхой хариуцлага хүлээх хоёр генерал Н.Намсаманд, Ж.Бямбасүрэн нарын хүмүүсийн доод албатуудыг нь хариуцлага хүлээлгэн, шударга бус хандаж байгаад нийгэм, олон нийт хэрхэн дургүйлхэж байгааг Г.Тэмүүлэн сайд анзаарч л баймаар. Ер нь нэг тийм шил, дух, нүүр ширлэсэн генералууд хэм хэмжээ алдагдуулж байна гэж олон нийт бишгүй шүүмжилж байгааг Г.Тэмүүлэн бас ч сортоотой хүн гадарламаар.

С.Амарсайхан хар тамхины асуудлаар, гүйцэтгэх ажиллагааны зэрэг талаар хачин эвгүй асуудлууд ярьсан. Тэр мөрт Г.Тэмүүлэн юу мэтгэж байгаа нь мөн л бүүвэйт мартагнуулахын аястай болоод явчихлаа. Нийтийн бүжигт сайн шигээ, нийтийн эрх ашгийн төлөө Г.Тэмүүлэн ажлаа нээлттэй, ил тод, шамдаж, мэдээлж хиймээр байгаа нь ард түмний шударга ёсны  эрх ашгийг дээдлэгч яамны сайдын хувьд нэн тодорхой зүйл. Г.Тэмүүлэнгийн үйл ажиллагааг олон нийт үргэлж сонсох харах ёстой. Одоо Г.Тэмүүлэнд хоёр чухал асуудал тулгарсан байна. Тохоогдон, оноогдсон байгаа. Эхнийх нь хууль бус хөрөнгө хураах хууль. Энийг маш түргэлэх хэрэгтэй. С.Баярцогтыг хорьсон хоног хугацаанаас илүү цаг алдаж бараг зургаан зуугаад хоног хүлээгдэж байна гэж санаачлагч, эх баригч О.Алтангэрэл гишүүн хэлсэн байна лээ.

Шударга ёсоор ард түмэн ямар их цангаж байгааг Г.Тэмүүлэн мэдэж байгаа. Уг хуулийг спикер С.Бямбацогт батална гэж дуугарч байгаа дээр нь нэн яаралтай батлуулмаар байна. Батлахдаа, хамгийн гол нь урагш үйлчлэлийг нь ардчилал, зах зээлд шилжсэн сүүлийн 36 жил, 1990 онд хүртэл эргэн үйлчлэх хамааралтайгаар батлах ёстой. Үүнийг Г.Тэмүүлэн онцгой анхаарах учиртай. Зарчим мөрдлөгө болгох ёстой. Ингэхгүй аваас бүх утга алдагдана гэж  Оюунсайханы Алтангэрэлийн хэлээд байгаад маргах юм юу ч байхгүй. Нөгөө нэг чухал зүйл бол Г.Тэмүүлэн Шивээ толгой, Жавхлант ордын хувь заяаг шийдэх үүрэг хүлээсэн. ОНТРЭ компанитай шинэ гэрээ өрөг, хэлцэл хийж Оюу толгойн замаар гулсуулахгүй байхыг Г.Тэмүүлэн үүрэг авч  эх орон, ард түмний өмнө хүлээсэн. Г.Тэмүүлэнгийн анх нарийн бичгийн дарга хийж ажилласан Оюу толгойн тэр гэрээний үйлчлэлээр монголчууд өдөрт хүүнд 12 тэрбум төгрөг төлсөөр байна.

Ийм юм л огт хийж болохгүй гэж Г.Тэмүүлэн сайдыг Ерөнхий сайд Н.Учрал уг ажилд тохоосон буюу. Монголын ард түмэн Г.Тэмүүлэнгээ хянаж, өргөж, дэмжиж Жавхлант, Шивээ толгойгоо үр ашигтай эзэгнэх ёстой. 120-р тогтоолоор тууштай замна, Г.Тэмүүлэн сайд аа. Уг хоёр ордыг Монголын үр, өрөм болгохын төлөө Г.Тэмүүлэн сайд танго хиймээр, бүжмээр байна. Сонгодог бүжиг биз дээ. Нийтийн бүжиг, тэр тусмаа Задгай цагаан, Хүмүүн төрөлхтнийг шууд алгасан “зэрлэг капиталистаар бүжиж”  гэрээг хийх хаар хэрэгтэй ээ, Монголын төлөө.   

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих