Гүний уурхайд гарсан ослын шалтгааныг судлан тогтоох Ажлын хэсэг байгуулжээ

Хуваалцах:
Гүний уурхайд гарсан ослын шалтгааныг судлан тогтоох Ажлын хэсэг байгуулжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед чичирхийлэл болж улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан. Осол гарсан даруйд Монгол Улсад мөрдөж буй аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмын хүрээнд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг шуурхай арга хэмжээ авч, далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг уурхайгаас гаргаж, осолд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн байдалд хяналт тавин, зарим ажилтныг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.   

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс ослын тухай мэдээллийг тогтмол авч, шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, удирдамжийг өгч байаа бөгөөд ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, газар дээр нь хяналт шалгалт хийж байна. 

Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангуулах, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог тасралтгүй сайжруулах чиглэлээр гаргасан Монгол Улсын хууль, дүрэм, журмууд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан даалгавар, Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллахыг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уурхай, үйлдвэрийн газрууд, инженер, техникийн ажилтнуудад чиглэл болгон ажиллаж байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх