“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн тушаалаар байгуулагдсан Техникийн баг төвийн бүсийн харьяа уул уурхайн компаниудад ажиллаж байна.
Техникийн баг газар дээр нь ажиллаж, тухайн байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн боломжийн талаар мэдээлэл солилцох юм. Мөн ирэх оны бизнес төлөвлөгөөний төсөл, цаашдын хөгжлийн боломжуудыг үнэлэн ажиллах зорилготой юм.
Энэ хүрээнд Техникийн баг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж, компанийн үйл ажиллагааны үр дүн, 2027 оны бизнес төлөвлөгөөний төсөл болон тулгамдаж буй асуудлуудын талаар үйлдвэрийн удирдлагуудтай мэдээлэл солилцов.
Уулзалтаар хаягдал төмрийн тогтвортой нөөц бүрдүүлэх, тэсрэх бодисын нөөцийг нэмэгдүүлэх, геологийн хайгуулын ажлын үр дүнг эрчимжүүлэх, нойтон баяжуулах үйлдвэрийн асуудлаар холбогдох судалгаа, үнэлгээг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг ярилцав. Түүнчлэн нэгдлийн харьяа компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлж, дотоод нөөц боломжийг үр ашигтай ашиглах замаар дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлахаар тогтлоо.
Тус үйлдвэр түлшний нөөцийн савтай болох, вагоны тоог нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, техникийн их засвар, хөргөлтийн үйлдвэрийн судалгаа эхлүүлэх, гангийн үйлдвэрийн өргөтгөл шинэтгэлийн ТЭЗҮ хийж дуусгах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр ирэх оны бизнес төлөвлөгөөний төсөлдөө тусгажээ.
Техникийн багийн зүгээс үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өртөг зардлыг оновчтой удирдах, үр ашиггүй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн зөвлөмж өгөв. Мөн 2027 оны бизнес төлөвлөгөөг бодит хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдал, үйлдвэрлэлийн чадавхтай нягт уялдуулан боловсруулах шаардлагатайг онцоллоо.