Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодсоноос зургаан хүн амиа алджээ

Хуваалцах:
Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодсоноос зургаан хүн амиа алджээ

Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэмт хэргийн улмаас 27 хүн хохирсноос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зургаан хүний амь нас хохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд нэг нь 15 настай, тав нь 16 настай, 18 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна. Дээрх хүүхдээс гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Шүүхээс таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Одоо хоёр хэргийг шүүхийн шатанд хянаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Эцэг эхчүүд тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавихгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүдээ ойлголт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх