“АН ЕТГ-ын хэлтэс болсон” гэдэг нотлогдох уу!

Хуваалцах:
“АН ЕТГ-ын хэлтэс болсон” гэдэг нотлогдох уу!

     Р.Гончигдорж М.Энхсайханыг буруушаав. Ийм нэг хэлц байдаг. АН-ын будилаан, түүхийн манант төөрөг явдлыг л төлөөлөх хоёр хүн дээр нэгэнтээ ингэж “томъёолсон” нь бий. Үнэндээ тээр жил , хоёр мянгаад оны дундуур АН-ын бүлгийн дарга Р.Гончигдоржийг гарцаагүй буруушаах л юм болж байсан юм даг. 62-ын бүдүүн бүлэг гэгчийг Н.Энхбаяр “байгуулж”, Р.Гончигдорж АН-ынхаа бүлгээ ахлан комбанитын хошууч цагаан ямаа шиг цагаан туг өргөн очиж МАН-ын өвөрт очсон бүлгээ. Ингээд АН-ын гундал, доройтол  газар авсаар, тухайн үед үндэсний удирдагч-дарангуйлагч гэгдэж байсан Н.Энхбаяр гэгч хүний  нэгэн хэлтэс болж явсаар 2008 оны сонгуульд нам тавиулж байв даа. АН ингэж цагаан туг өргөж очин, цагаан ямааны үлгэртэй явсаар л ирсэн нам. Тиймээс сэхдэггүй, эрх барьдаггүй. Урвагчид, “засуулагсад” үргэлж төрөөстэй. Түүхэн боломж нь алтраад л байхад МАН-ын өвөрт татвар эм адил орж өөрсдийгөө “алдаг” АН-ын хувь тавилан гиншил, гаслал мэт. Өнөөдөр үүнийгээ дахин давтах шинж бүрдэж байх шиг байна.

Өнгөрөгч баасан гаригт Их тэнгэрт О.Цогтгэрэл даргатай АН-ыг Засагт “урих” чиг гарсан болсон бололтой юм. Энэ долоо хоногоос албажаад явах юм байх. Хамгийн гол нь Их тэнгэрт энэ шийдвэр гарсан нь үнэн бол тэр тусгай газарт оршдог гурван том даргаас үүдэлтэй шийдвэр болж таарах байх. Тэр гурван том дарга бол мэдээж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Энэ гурван хүний хэн нь Засгийг АН-д урих шийдвэрийг гардан залж гаргах бол гэдэг их сонин. С.Бямбацогт дарга юм уу, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч юм уу, Засаг толгойлж байгаа Н.Учрал юм уу, юутай ч энэ гурван хүний нэг байж таарах нь. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаар балин хийлгэх юм болов уу, “өмхий” бариулах юм болов уу. АН-ын Бүлгийн дарга Н.Түвшин уриулж очих уу, Р.Гончигдорж мэт цагаан тугаа өргөсөөр очих уу гэдгийг бид харах нь. Б.Түвшин анхлан Бүлгийн дарга болохдоо л МАН-ын спикер, бүлгийн даргад онц халамжлагдан, “хуримд бэлдсэн” янзтай нь илтэд л байгаа л. Ер нь бол Засгийн газарт АН-ыг оруулах, мөнөөх уригдах хүчнийг толгойлогчид бол Д.Ганбат, С.Баярцогт, О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж тэргүүтэн байх нь нэн тодорхой гэх бөгөөд Д.Энхтуяа, А.Ганбаатар, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа зэргээр нэмэгдсэн бүтэцтэй байна. 

Улсын гавьяат хуульч Д.Ганбат гэхэд Тэргүүн Шадар сайд болох ам чиг нэгэнт гарсан мэдээтэй. Уг нь Ерөнхийлөгч болчихно л гээд яваад байгаа хүн. Шадар болж шаваад Ерөнхийлөгчид үзэх нь л дээ.  АН-ын дарга О.Цогтгэрэл “Хэрэв зээ МАН бид барахгүй нь ээ, хамжья аа гэж гуйвал засагт орохыг бодно” гэж дээхнэ нэг дуугарсан. О.Цогтгэрэл бол одоо хэдийнэ бодоод эхэлсэн шиг байна. О.Цогтгэрэл хэдийгээр АН-ын дарга, бас бүлгийн нь дарга байсан ч өөрийн эр ир чадлаа тунхаглаж чадахгүй нэг тийм дүүжигнэсэн байдалтай явсаар энд ирсэн, лидер болж ер чаддаггүй, ганхмал. Хэрвээ АН одоо МАН-тай хамтран Засагт орвол О.Цогтгэрэл АН-ын даргын хувьд, “Засгийг огцруулна. Засагт орохгүй” зэрэг үгсээ шууд эргүүлэн татаж бөөлжисөө долоохын үлгэрийг нотолно. АН-ыг МАН-ын Засагт орохыг ард түмэн, шударга ёс, тогтолцооны өрөг, улс төрийн шалгарлын зүй тогтол угтаан бол огт зөвшөөрөхгүй. Улс төрийн эрүүл амьдрал, зөв шалгаралд сөрөг хүчин гэдэг  үнэхээр ус агаар мэт чухал. Төрийн гол ивээс. Гэвч АН энэ ивээсийг МАН-ын өдлөгөөр, цаашилбал засаглалуудыг үл хэрэгсэх хүчний дарангуйллаар мулт татах нь өөрсдийгөө өрлөж байгаа явдал. Гол нь эх орон, ард түмний үнэмлэхүй эрх ашгаас урваж байгаа юм.

Хэрвээ одоо Засагт АН-ыг оруулж хамтарвал, энэ засагт толгойлон орох хуйвалдааныг хийгсдийг АН-ын үнэт зүйл, түүх, Монголын ард түмний түгээмэл  нийтлэг эрх ашгийн илд машид үхээнц, арчаагүйгээр бичиглэн үлдээх нь нэн тодорхой юм. Засгийн газар тэртээ тэргүй УИХ дахь суудалтай таван хүчний гуравтай нь хамжаад ажиллаж байгаа шүү дээ. Гурван засаг дамнуулсан улсын гавьяат эдийн засагч  Т.Доржхандыг “хэрэг дуусав хэмээн өшиглөж”, Н.Номтойбаярын эр зориг, шударга байдал, тэмцэгч чанар, бие даасан байдлыг нь “шахаанд оруулж” уусган номхотгож улцайлгаад, танигдахын аргагүй зэрэмдэг болгоод цаашлах нь МАН-ын чадал боловч, Монголын эрүүл, зөв, зарчмын улс төрийн чадлын эсрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.

Канадаас “Дэглэмтэй ганцаар тэмцэж байгаа” гэх Х.Нямбаатар “АН ЕТГ-ын хэлтэс болсон” гэдгийг л нотлох явц болох нь дээ, янз байдлыг харвал.  Ойрын үед энэ үгний биелэл хэрэгжих эсэхийг монголчууд харах нь. Дор бүртээ иргэн бүр дүгнэлтээ хийх байх аа.      

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих