
13 хүртэлх насныхныг сошиалд нэвтрэхийг хориглож, 13-16 насныхны сошиал хэрэглээг технологийн шийдлээр хязгаарлана
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин нарын санаачилсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Уг хууль батлагдвал 13 нас хүртэлх хүүхдэд сошиал хэрэглээг бүрэн хориглож, 13-16 насны хүүхдүүдийн цахим хэрэглээг технологийн шийдлийн хязгаарлалттайгаар хэрэгжүүлэх юм. Нийгмийн сүлжээн дэх зохисгүй мэдээ мэдээлэл, сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар Ч.Номин сайдтай ярилцлаа.
-Хүүхдүүдийн сошиал хэрэглээ яалт ч үгүй анхаарал татсан асуудал болчихлоо л доо. Хүүхдүүд рүү онилсон сургуулийн орчны дээрэлхэлт, бэлгийн гэх мэт ноцтой дарамтууд сошиал платформоор дамжин гаарч байна. Насанд хүрэгчдэд зориулсан ямар ч шүүлтүүргүй контентууд, онц ноцтой гэмт хэргийн мэдээлэл гээд хүүхдээ хамгаалах олон сөрөг зүйл фэйсбүүк гэх мэт сошиал платформуудуудаар дүүрэн хөвөрч байна. Энэ бүхнээс хүүхдээ хамгаалсан часхийсэн агуулгатай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөл чуулганаар орох гэж багагүй хугацаанд дуншлаа шүү?
-Тэгсэн. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл дуншаад хоёр жил гаруй болсон. Хуулийн төслийг анх Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яаман дээр боловсруулж байсан юм. Дараа нь Д.Наранбаяр сайдад шилжсэн байдаг. Түүний дараа энэ хуулийн төслийг хүлээж авсан хүн нь би. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд болсноосоо хойш би энэ хуулийн төслийн зохицуулалтуудыг судалсан. Судалж үзсэнийхээ эцэст “Заавал явуулах шаардлагатай хууль байна” гэж үзээд энэ хуулийн төсөл дээр ажиллах баг байгуулсан л даа.

-Боловсролын яаманд орхигдсон байсан хуулийн төсөл хоёр ч яамыг солбин дамжиж яваад тан дээр ирсэн юм байна. Хуулийн төслийг боловсруулахын тулд судалгаа хэр хийв?
-Манай яам холбогдох ТББ-ууд, Хүний эрхийн байгууллагуудыг бүгдийг нь цуглуулаад хуулийн төсөл боловсруулах ажилдаа орсон. Судалгааг өндөр төвшинд хийсэн. Ингээд явж байтал П.Наранбаяр гишүүн мөн энэ хуулийг өргөн барих гэж байсан учир хоёр талд хийж буй ажлаа нэгтгээд өргөн барья гэж шийдсэн юм. Ийнхүү бидний есөн хүний бүрэлдэхүүнтэй баг энэ хуулийн төслийг Байнгын хороогоор дэмжүүлж, УИХ-д өргөн барилаа.
-Мэдээж, энэ бол нийгэмд маш хэрэгтэй хууль. Гэхдээ та өөрөө чухам ямар итгэл үнэмшил, үр дүн харж энэ хуулийн төслийг боловсруулах ажилд ханцуй шамлаад орчихов?
-Би ССАЖ-ын сайд байхдаа олон судалгаа сонирхож байсан. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ бага насанд анхаарал тавьдаг ч, жаахан томроод, өсвөр насанд хүрчихээр нь анхаарлаа сулруулчихдгийг олон судалгаанаас харж байсан л даа. Эцэг, эхчүүдийн хараа хяналт суларсан яг тэр цагаас хүүхдүүд цахим орчинд ихэнх цагаа өнгөрүүлж эхэлдэг. Сошиал орчинд ямар мэдээллүүд давамгайлдгийг та мэдэж байгаа. Насанд хүрэгчдийн үзэл бодлын дайн, хараал, гүтгэлэг, улс төрчдийн тэмцэл, нийгмийн хар бараан, сөрөг агуулгууд маш их байна. Хүүхдүүд аливаа мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээж авч, өөртөө шингээдэг.
Тархины хөгжлийн онцлог нь тийм. Ийм эмзэг үедээ хүүхдүүд түрүүн дурдсан хар бараан зүйлсийг сошиалаас үзэж, сонсч өсөх нь сэтгэл зүй, төлөвшил, амьдралыг үзэх үзэлд нь мөш сөрөг нөлөөтэй. Сөрөг нөлөөг нь олон улсын судалгаанууд харуулж байна. Иймээс миний бие энэ салбарын сайдаар томилогдсон үеэсээ л өмнө нь бодож явсан, хүүхдийн төлөөх ажлаа ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудсан. Хүүхдийг цахим хэрэглээнээс аль болох холдуулах тусам тэд соёлын биет орчинд орж ирэх замаар дэлгэцийн хамаарлаас салж, бие бялдар, оюун санааг нь хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна гэж ойлгосон л доо.
-Хуулийн төслийг харахаар хүүхдүүдийн насыг хоёр ангилаад сошиал хэрэглээнд нь хязгаарлалт оруулсан байна. 13 нас хүрээгүй хүүхдийн хувьд сошиал орчин тас хориотой байх юм байна гэж ойлголоо. Яагаад заавал 13 хүртэлх нас гэж заасан юм бол, шинжлэх ухааны үндэслэлийг нь сонирхуулаач?
-13 хүртэлх нас бол хүүхдийн хөгжлийн хувьд хамгийн онцлог үе. Ямар зуршилтай хүн болж төлөвших нь энэ насанд тодорхойлогддог нь судалгаагаар батлагдчихсан. Зөв хооллох, ёс суртахуунтай байх, эрүүл өсч хөгжих эсэх нь хүн бага насандаа юу үзэж, харж, ямар орчинд хүмүүжиж байгаагаас хамаардаг. Наад зах нь гэхэд хүүхдүүд дэлгэцний хамаарлаас болж мартамхай, анхаарал сарнимтгай болж байна. Сошиалд донтож буйдангаасаа босохоо больсон хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж, эрүүл хүн болж өсч торних маш чухал үеэ алдаж байна шүү дээ. Тиймээс 13 хүртэлх насны хүүхдүүдийг сошиал орчноос ор тас тусгаарлах нь зүйтэй гэж бид үзсэн. Энэ ганцхан бидний дур мэдэн хийж байгаа зүйл биш л дээ, дэлхий нийт энэ жишиг рүү орчихсон. НҮБ-ын зөвлөмжид 12 нас хүртэлх хүүхдийг нийгмийн цахим сүлжээнд орохыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт бий. АНУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн нэг судалгаа байдаг юм.
13 насанд хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээ ашиглахгүй байх ёстойг энэ судалгааны дүгнэлтээс харах боломжтой. 13 насанд хүрээгүй хүүхдийн тархины хөгжил, танин мэдэхүй, өөрийгөө хянах болон эрсдлийг үнэлэх чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг. Учир нь хүүхдийн шийдвэр гаргах, импульс хянах, урт хугацааны үр дагаврыг тооцоолох үүрэгтэй тархины урд хэсгийн хөгжил өсвөр насны сүүл үе хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн шагнал, сэтгэл хөдлолийн хариу урвалтай холбоотой лимбик систем илүү эрт идэвхждэг. АНУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгээс энэ бүх онцлогийг судлаад нотолчихсон. Ийм шалтгаанаар бага насныхан лайк дарах гэх мэт урамшууллын системээр ажилладаг фэйсбүүк, тик ток гэх мэт сошиал платформд донтох эрсдэл өндөр байдаг.
-Бага насныхан ийм шалтгаанаар сошиалд донтчихдог, тэгээд бэлгийн гэх мэт ёс бус цахим дарамтад өртөх болсон нь яалт ч үгүй харанга дэлдээсэн асуудал л даа?
-Санал нэг байна. Бага насны хүүхдүүд сошиал платформд донтсоноор цахим дарамт, итгэл олж авах замаар бэлгийн хүчирхийлэлд татан оруулах үйлдлийн золиос болдог. Бага насныхан хортой агуулга, хувийн мэдээлэл алдагдах эрсдлийг бодитоор үнэлж дүгнэх чадвар султай байдаг. Ийм л эмзэг үе. Тийм ч учраас АНУ 13 настай хүүхдийн хувийн мэдээллийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй цуглуулахад тусгай шаардлага тавьдаг. “Мета” ийм шалтгаанаар 13 нас хүрээгүй хүүхдэд хаяг нээхийг зөвшөөрдөггүй. Манай улсын хувьд ээж, аав нь бага насны хүүхдүүддээ хаяг нээж өгөөд байдаг.

-13-16 насны хүүхдийг цахим сүлжээнд хязгаарлалттай шийдлээр оруулна гэж байгаа. Сая таны хэлсэнчлэн эцэг, эхчүүд л хүүхэддээ фэйсбүүк нээж өгч, орох нөхцөлийг нь бүрдүүлдэг. Хууль батлагдахаар эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Сошиал хэрэглээнээс хүн төрөлхтөн зугатаж чадахгүй. Тиймээс тодорхой хэмжээгээр биеэ даах, төлөвших насанд хүрэхээс нь өмнө буюу 13-16 наснаас нь хүүхдийг аажмаар, бага багаар энэ хэрэглээнд зөв дадлаар дасгах нь зүйтэй гэж дэлхий дахинд үздэг юм билээ. 13-16 настнууд технологийн шийдлээр насны онцлогт тохирсон контент үзэх боломжтой. Товчхондоо энэ хуулийг хүүхдээ хамгаалах хууль гэж ойлгож болно. Энгийнчилбэл, дотроо дүүрэн хортой зүйлтэй байшин руу хүүхдүүдээ нэвтрүүлэхгүй хамгаалъя л гэж зорьж байгаа юм. Хортой эсэхийг ялгаж, салгаж чаддаг, насанд хүртэл нь хязгаарлалтад оруулъя гэсэн зохицуулалт, зорилготой.
Нийгмийн цахим нөлөөллийн уршгаар хүүхдүүдийн сэтгэц гэмтэж, цахим дээрэлхэлтэд өртөж, шийдвэр гаргалтад нь хүртэл нөлөөлж, тогтож сууж чаддаггүй, уур уцаартай, амархан уйдамтгай, тогтворгүй сэтгэл зүйтэй бүхэл бүтэн үе бий болчихлоо. Энэ асуудал зөвхөн Монголынх бус дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болсон.
-Тийм шүү. Европ гэхэд л тэр чигтээ хүүхдүүдээ цахим орчноос хамгаалах гэж элдэв хууль гаргаж үйлээ үзэж байна. Технологийн шийдэл гэдэгт тухайлбал ямар, ямар шийдлүүд орж байгаа вэ. Эцэг, эхчүүд бас энэ тал дээр юунд анхаарах үүрэг хүлээж байна вэ?
-Нийгмийн сүлжээ гэж юуг хэлэх вэ гэдгээ бид нэгдүгээрт тодорхойлсон. Мөн насны ангиллаар технологийн шийдлийг хэрхэн оруулахаа томъёоллоо. Гуравдугаарт ямар технологийн шийдэл хийх вэ гэдгээ тодорхойлж чадлаа. Дөрөвдүгээрт, нийгмийн бүлгүүд ямар хариуцлага, үүрэг хүлээхийг нарийвчлан заасан. Хуулиараа хүүхдийн төлөө хүн бүр үүрэг хүлээдэг гэдэг утгаараа.
Таны асуусан, технологийн шийдлийн тухайд харилцаа холбооны компаниуд болон олон улсын платформын үйлчилгээ эрхлэгчидтэй урьдчилсан уулзалт хийж, ямар технологийн шийдлээр хийвэл Монгол Улсад хамгийн тохиромжтойг тодорхойлсон. Тухайлбал, үүрэн телефоны компаниудад үүрэг хүлээлгэж байгаа. Тэд утасны дугаар олгохдоо тухайн дугаарын эзэмшигчийг бүртгэхээс гадна заавал насны ангиллыг нь тодорхойлж бүртгэнэ. Бүртгэсэн мэдээллээ платформ руугаа өгнө.
Мэдээллийн дагуу платформ 13-16 нас болон 16-аас дээш насныхан гэсэн тохируулга хийнэ. Хэрэв нас харгалзахгүйгээр утасны дугаар олговол хариуцлага хүлээнэ. Энэ маш энгийн шийдэл. Ер нь энэ хууль маш энгийн. Олон улсын платформууд ч энэ сигналгүйгээр нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээж байгаа юм.
Хоёр дахь том хэсэг нь таны асуусан хариуцлагын тогтолцоо хаана явна вэ гэдэг асуудал. Түүнээс гадна төрийн байгууллагууд, цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд, харилцаа холбооны, хүүхэд хамгааллын болон хууль хүчний байгууллага бүгд хариуцлага хүлээх тогтолцоонд орж байгаа юм. Жишээ нь, боловсролын байгууллага, боловсролын орчин нийгмийн сүлжээгээр дамжин боловсролын харилцаа холбоо үүсгэхгүй. Тусгайлсан боловсролын салбарын дотоод харилцааны системээр харилцана. Энэ харилцааг Боловсролын яам хариуцна.
Нөгөө талд нь хүүхэд хамгааллын болон цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтайгаа хамтран тик ток, фэйсбүүк гэх мэт орж ирж буй бүх платформыг хүүхдэд хортой, хориотой контенттой эсэхийг шалгадаг болно. Хууль хяналтын байгууллагууд маань энэ тал дээр ямар нэгэн байдлаар гэмт үйлдэл гарсан тохиодолд хариуцлага хүлээлгэнэ.
Энэ нь мэдээж Хүүхэд хамгааллын тухай хуультайгаа уялдаж байгаа. Нэмэгдэж буй нэг зүйл бол эцэг, эхийн хариуцлага.
Мэдээж, шууд үүрэгжүүлж чадахгүй ч Хүүхэд хамгааллын тухай хуулиараа хүүхдийн өмнө бүх хүн хариуцлага хүлээдэг учраас эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхдээ нийгмийн сүлжээнд оруулахгүй байх, хүүхдэдээ утас авч өгөхдөө бүртгэлжүүлэх үүрэг хүлээнэ.

-Энэ хуулийг дэлхийн жишигтэй нийцүүлж хийж байгаа юу. Эсвэл Монголын нөхцөлд тааруулсан өөр зохицуулалтууд байгаа юу?
-Бид дэлхийн хэмжээнд хэрэглэж байгаа хуулиудын тогтолцоог бүгдийг нь судалсан. Угаас хүүхдийн цахим хэрэглээг хянах хязгаарлах хууль дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал л даа. Одоогоор ийм хууль хэрэгжүүлдэг 20 гаруй улс бий. Нэмэгдээд Англи, Сингапур, Казахстан улс оруулж ирж байна. Зарим улсад, Тухайлбал Австрали улсад хүүхдийг 16 нас хүртэл нь сошиал хэрэглээг бүр хориглочихсон юм билээ.
Гэхдээ 13-16 насныхны нийгмийн сүлжээг бүрэн хориглох нь хүүхдийн мэдээлэл авах, боловсрол эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдлтэй гэж олон улсын байгууллага, судлаачид үздэг юм билээ. Манай улс энэ жишгээр буюу Европ, барууны орнуудын нэгэн адил 13-16 насны хүүхдүүдийн сошиал хэрэглээнд зориулсан технологийн хамгаалалтын арга хэмжээг хуульчлах сонголтыг хийсэн. Өсвөр насныхны сошиал хэрэглээнд зориулсан технологийн хамгаалалт яагаад заавал хэрэгтэйг Харвардын их сургуулийн хүүхдийн төвийн судалгаанаас харж болно. 13-16 насанд хүүхдийн нийгмийн оролцоо, харилцаа, мэдээлэл авах, суралцах, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ эрчтэй нэмэгддэг ч тархины өөрийгөө хянах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, нийгмийн дарамтыг даван туулах чадвар бүрэн төлөвшөөгүй байдгийг Харвардын судлаачид онцолж байгаа. Өсвөр насныхан бусдын үнэлэмжид илүү мэдрэмтгий байдаг тул алгоритмаар эрчимтэй түгээх, бусадтай өөрийгөө харьцуулах донтуулах шинжтэй сошиалын хохирогчид болох өндөр эрсдэлтэй гэсэн үг. Ийм ч учраас Европын холбооны Цахим үйлчилгээний тухай хуульд насанд хүрээгүй хүүхдүүд ашиглах боломжтой сошиал платформд тодорхой хориглолт, хязгаарлалтыг тусгасан. Бүр тодруулж хэлбэл өсвөр насныханд тик ток, фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээг ашиглуулахдаа аюулгүй байдлын анхны тохиргоог хийж өгдөг. Танихгүй хүнтэй холбогдох боломжийг хязгаарлах, байршил хуваалцах тохиргоог идэвхгүй болгох, хориотой, хүүхдэд хортой агуулгыг харуулахгүй байх, эцэг эхийн хяналтай байлгах, алгоритмийн эрсдлийг бууруулах гэх мэт хамгаалалтын арга хэмжээг авдаг. Бид өсвөр насныханд нийгмийн сүлжээнд орох хэрэгцээ байна гэх дүгнэлтэд хүрсэн учраас НҮБ-ын зөвлөмжтэй уялдуулан 12 нас хүртэл хязгаарлаад, 13-16 насандаа насны онцлогт тааруулан ашиглаж сурах нь зохистой гэж үзсэн. Нөгөөтэйгүүр, нийгмийн сүлжээний платформууд өөрсдөө дотоод хүүхэд хамгааллын бодлого, журамтай байдаг. Дийлэнх нь 12 нас хүртэл бүрэн хязгаарлаад, 13-16 насанд тодорхой зохицуулалттайгаар зөвшөөрөх заалттай. Өөрөөр хэлбэл, технологийн шийдэл нь тодорхой тохиргоотой байдаг юм.
-Хуулийн төслөөс харахад нийгмийн сүлжээ гэж тусгайлсан ойлголт байх шиг байна, тийм үү?
-Нийгмийн сүлжээ гэдгийг гурван үзүүлэлтээр тодорхойлдог. Нэгдүгээрт, өөрийн бүртгэл үүсгэж ороод янз бүрийн контент постолдог. Хоёрдугаарт, сэтгэгдэл бичиж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гурав дахь нь групп нээдэг. Энэ гурван шинж тэмдгийг илэрхийлбэл нийгмийн сүлжээ гэж үздэг. Нийгмийн сүлжээнд фэйсбүүк, тикток, инстаграм орно. Судалгаанаас үзэхэд нийт хүүхдийн 92 хувь нь фэйсбүүк рүү ордог. Тэнд юу байдаг билээ, хортой, хориотой бүх л агуулга бий. Энэ орчинд манай 12 настай хүүхдүүд ч байж л байдаг. Хүүхдүүд цахим орчинд 4-6 цаг зарцуулдгийн 90 хувийг фэйсбүүкт зарцуулдаг нь судалгаар илэрсэн. Цаашлаад манай улсын нийт хүн амын 3/1 нь 00-14 насны хүүхэд. Гэтэл 17 насны хүүхдийн цахим доромжлол, дээрэлхэлтэд өртсөн байдал 51 хувь байдаг бол 9-12 настай гурван хүүхэд тутмын нэг нь өртөж байна. Өдөөж байгаа гол зүйл нь цахим сүлжээ. Эндээс Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн хэрэгцээ шаардлага хэр өндөр байгаа нь харагдах байх.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу