ЦЕГ: ОХУ-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 саяын цалинтай гэх зараас сэрэмжлээрэй

Хуваалцах:
ЦЕГ: ОХУ-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 саяын цалинтай гэх зараас сэрэмжлээрэй

Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотойгоор Гадаад Харилцааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Энэ оны есдүгээр сараас ОХУ-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 сая төгрөгийн цалинтай гэсэн зар цахим сүлжээнд нийтэлсэн. Цагдаагийн байгууллагад энэ талаар хоёр гомдол мэдээлэл бүртгэгдсэн ба гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хоёрдахь гомдлын дагуу мөрдөн шалгахад энэ сарын 8-нд нэг иргэн ОХУ-ын Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр явсныг тогтоосон. Иргэнээ Монгол Улсад буцаан авчрахаар ажиллаж байна. Харамсалтай нь, зарын дагуу явсан найман иргэнээ Монгол Улс татан авсан бол цаана нь зургаан иргэн байгаа аж. Мөн нэг иргэн дайнд нас баржээ.

Түүнчлэн дээрх төрлийн зарыг түгээж буй цахим хаягт иргэд холбогдоход Телеграмм, WhatsApp зэрэг аппликэйшнээр дамжуулан хуурамч нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн цахим хаяг есийг илрүүлж, холбогдох газарт хүсэлт гарган устгуулсан.  Цаашид илэрсэн хаягуудыг устгуулахаар байх болно. Иргэд гадаад улсад өндөр цалинтай ажлын зар мэдээлэлд нухацтай хандаж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх