
1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан. Энэ нь төрийн байгууллын шинэ хэлбэрт шилжсэн түүхэн үйл явдал боловч өнөөгийн ойлголтоор ардчилсан засаглал бүрдсэн гэсэн үг биш. Харин Монголын төрийн хөгжил, тусгаар тогтнолын түүхийг ойлгох нэгэн чухал үе юм.
Монгол Улс XX зуунд тусгаар тогтнолоо сэргээж, баталгаажуулах, өөрчлөн хөгжүүлэх хэд хэдэн томоохон үйл явцыг туулсан. 1911 онд Манжийн эрхшээлээс салж, тусгаар тогтнолоо зарласан бол 1924 онд хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, Анхдугаар Үндсэн хуулиа батлав. Харин тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх үйл явц үүнээс хойш үргэлжилжээ.
Улс тунхагласны баярыг 1990-2012 онд тэмдэглэж байгаад 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ тус хуульд өөрчлөлт оруулж, Улс тунхагласны баярыг тэмдэглэлт өдөр болгосноор бүх нийтээр амрахаар болсон юм. Улмаар 2012-2015 онд монголчууд энэ өдөр дөрвөн жил дараалан амраагүй.Тэгвэл 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон сэргээжээ. Ийнхүү Улс тунхагласны баяраар бүх нийтээр амрах зохицуулалтыг сэргээснээс хойш арван жил өнгөрч байна.




