
Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн оффтейк гэрээ болон төмөр замын асуудлыг Хянан шалгах түр хороо байгуулах саналыг 87 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан талаар мэдээллээ. Тэрбээр "Бодьтой холбоотой авлигын хэргийг ил болгож, холбогдсон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэе гэдэгт гишүүд нам харгалзахгүй нэгдэж байна. Хувийн шалтгаанаар байгаагүй гишүүд гарын үсэг зурна гэсэн" Түүнчлэн "Бодь"-ийн оффтейк гэрээ болон авлигад тараасан гэх 110 сая ам.долларын энэ асуудалд төрийн өндөр албан тушаалтан бүгд нэр холбогдлоо. Үүнийг мухарлаж, нэг талд нь гаргах ёстой хэмээн онцлов.
Шадар сайд Н.Номтойбаяр: Энэ сэдвийг ярьсан хүн бүр ямар нэгэн байдлаар хохирол амсаж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-той холбоотой асуудлыг шалгаж, холбогдох мэдээ, материалыг төрийн нууцаас гаргаж ил болгоё гэж ярьсан ч удалгүй огцорсон. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа үүнийг ярьсан ч Бортээгтэй холбоотой хэрэгт гүтгүүлж, бүр хүн амины хэрэгт холбогдсон. Үр дүнд нь ажлаа өгсөн. Г.Занданшатар ч мөн адил ажлаа өгсөн. Тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Гэтэл төрийн тэргүүн "би өөрөө шалгуулъя" гээд өргөдлөө өгөөд буучихлаа. Энэ гэрээтэй холбоотой яриа гарахад яагаад улс төр өрнөөд байна вэ. Хүмүүс яагаад хэлмэгдэж, гүтгүүлж, ял завшаад байна вэ. Бид үнэн мөнийг эцэслэх цаг болсон. Одоо зөвхөн нотлох баримт ярих ёстой. Ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр гүтгэхээ зогсооё гэж УИХ-ын 86 гишүүн гарын үсгээ зурчихаад байна. Одоо энэ асуудлыг хуулийнх нь дагуу ил тод, нээлттэй, гэрчийн мэдүүлэгт суурилж хийе. Хянан шалгах түр хороог УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд байгуулъя. Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдрийг хүртэл нууцад байсан, тухайн үеийн ҮАБЗ-ийн 2019 оны 0505 дугаартай нууц шийдвэрийг ил болгох тогтоол гаргасан. Одоо хууль хүчний байгууллага, ялангуяа АТГ ажлаа хий. УИХ Хянан шалгах түр хороог байгуулъя" гэлээ.




