
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ цахим хуудастаа Н.Номтойбаярт хандан ийн бичжээ. Тэрбээр "Бодийн 110 сая ам.долларын авлигыг Бортээг шиг "Гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа!
Овоодоо, Н.Номтойбаяр зургаан сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг Хянан шалгах түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна. Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая! Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтад ороод эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байна. Энэ удаа Бодийн 110 сая ам.долларын асуудлыг үнэн зөвөөрөө тогтооно гэдэгт итгэж байна. Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно. Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү, Н.Номтойбаяр аа!
Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр буюу найман сарын өмнө АТГ-т дөрвөн цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон дөрвөн цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно.
Тэр ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна. Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай.
1. Гашуунсухайтыг Бодь Интернэйшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, түүнийгээ пост болгоод олон нийтэд түгээчих! Энэ зөвлөмжид хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа. Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй.
2. 2019 оны есдүгээр сарын 9 ны өдрийн Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ТУЗ-ийн хурлын 19 дүгээр тогтоолоор Бодь интершэншл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000,00 ( хоёр зуун ерөн гурван тэрбум, долоон зуун сая ) төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө одоо хаана байгаа вэ, бас яг юунд зарцуулсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих! Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгийг төмөр замд зарцуулаагүй бол хэн хэн авсныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт финаншлийн дансыг нь 2022 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр АТГ олж тогтоогоод надад танилцуулж байсан юм. Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ.
Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож, үнэн зөв мэдээллийг баримттай, нотолгоотой ярихаа үүгээр илэрхийлж байна. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ" гэжээ.




