
ХҮН намын дарга Т.Доржханд хүнийрхүү юм ярих нь зохисгүй байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард хийх учиртай юм хэлэх. Хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно хэмээсэн л болохоос сонгуулийг нь зургадугаар сард явуулах учиртай гэх агуулга үгүй нь хэнд ч тодорхой. Энд нэг л логик бий. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн, ерөөс Монголын төрд ард түмнээс санал авсан хэн боловч сонгуульт хугацаагаа дуусгаж ажиллах ёстой гэдэг л логик үйлчилнэ. Нарийн яривал, бүр их хэтрүүлэггүй хэлбэл, сонгогдсон л бол тангаргийнхаа дагуу эх орон, ард түмний төлөө үхэх ч эрхгүй ажиллаж , сонгуульт хугацаагаа дуусгах ёстой л гэдэг зарчим үйлчилж байгаа хэрэг. Хуульд цаг хугацаа тавьдаггүй нь ердөө л учиг нь энэ. Үндсэн хуульд ийм л байгаа.
Үндсэн хуулиа л бид мөрдөх ёстой. Тиймээс Т.Доржхандын яриад байгаа, дөрвөн сарын настай Ерөнхийлөгчийг хоёрдугаар сард сонгоно энэ тэр гэдэг бол тун болчимгүй. Тэгээд зургадугаар сард дахин Ерөнхийлөгч сонгох нөхцөл үүсэх биш үү гэдэг бол огтоос таарахгүй зүйл. Их мунхаг хэрэг болно. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан У.Хүрэлсүх нэгэнт ор сууриа орхин УИХ-аас түүнийг чөлөөлчихсөн. Одоо түүнийг чөлөөлсөн мөнөөх УИХ сонгуулийн товыг тогтоон зарлаж, улс үтэр түргэн Ерөнхийлөгчөө сонгох гарцаагүй үндэслэлтэй. Ард иргэд, хэвлэл мэдээлэл ч хэлбэрэлтгүй сануулж байгаа, үүнийг нь ч мэдэрсэн УИХ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт намуудын дарга нарыг байлцуулан Зөвшилцийн ажлын хэсэг байгуулаад, асуудлыг ярьж эхэлсэн нь оносон. Зөв. Ингэх ёстой.
Одоо зөвшилцлөөсөө Ерөнхийлөгчийг хэзээ сонгох товыг тогтоож, УИХ үүнийг нь хуульчлаад явдал мөр зарчим, ном ёсоороо хэрэгжих нь л зүй ёсны хүлээлт юм. Ийм тодорхой байхад бүтэн долоон сар улсыг Ерөнхийлөгчгүй явуулах мэт бодол агуулах нь үнэхээр зүйд нийцэхгүй, төр, улсдаа тэрсэлсэн ч хэрэг болж мэдэх тул Т.Доржханд ёс зүйтэй, сахилга баттай, эх оронч байх нь хаана хаанаа зөвдөнө.
Харин АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүслээ нэгэнт илэрхийлсэн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар шиг баймаар байна. Тэд бол Т.Доржхандынхаас хамаагүй зөв сэдэлтэй байгааг ард түмэн шууд мэдэрч. Ардчилсан намын тэдгээр метал орцот нэртнүүд Ерөнхийлөгч байсан хүнийг улс төрд үл байлгах агуулгат хууль санаачилж байгаагаа шууд мэдэгдчихлээ. Үүнийг нь ард түмэн ерөөс шууд зөвтгөн, олон нийт дэмжин сайшааж байгаа нь илэрхий.
Ерөнхийлөгчийн алба, хэм хэмжээнээс нь үүдэн Монголд үргэлж засаглалын үймээн, толхион гарч ирснийг бид амьдралаараа нотолчихлоо гэдгийг Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар нэн тодорхой ойлгоод, өөрсдийнхөө хүсэж байгаа эрх тушаалыг очоогүй байхдаа засна хэмээж байгаа явдал нь шударга ёсонд, эрүүл хэм хэмжээнд ч үнэлгээ өгөхүйц үйлдэл болох нь тодорхой байна. Ингэж хариуцлагатайгаар ажиллах ёстой.
Тэдгээр нэр дэвшигчид одоо цаашлаад “Ерөнхийлөгч болонгуут засаглал-төрийн хэрэгт Ерөнхийлөгч ямар оролцоотой байхыг шинээр хуульчилна, хуульчлуулна, мөн дараагийн Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болно, үүнийг гардан хэрэгжүүлээд буух болно” гэдгээ ч “амламаар” байна. Ингэж байж л төр улсаа цэвэршүүлэх энгийн үндэслэлтэйг хэрэгжүүлж гийгүүлмээр. Түүнээс бус Н.Алтанхуяг, Г.Занданшатар нарын гэр бүл, түүнийг толхичуулан, тонгочуулан увиагүй улс төр шиг юм хийх нь огтоос зохихгүйг нийтээр ухвал зохилтой. Н.Алтанхуяг, Л.Гантөмөрийн санаачилга Т.Доржхандынхаас лавтайяа алд илүү зөв. Ерөнхийлөгчид хар гэрийн түлхүүр атгуулдаггүй болмоор байна гэж Т.Доржханд уг нь бас хэлээд л байх шиг байгаа юм.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу