2070 онд ислам шашинтны тоо 3.6 тэрбум хүрч өсөх судалгаа гарчээ

Хуваалцах:
2070 онд ислам шашинтны тоо 3.6 тэрбум хүрч өсөх судалгаа гарчээ

АНУ-ын “Pew” судалгааны төвийн дэлхийн шашин шүтлэгийн ирээдүйн талаарх шинэ тооцооллоор 2035 он гэхэд ислам шашинтнуудын тоо христийн шашинтнуудынхаас давахаар байгаа ажээ. Тус төвөөс 2020-2070 оны хооронд шашны долоон бүлгийн хүн амын өсөлтийг тооцоолсон бөгөөд христийн болон исламын шашинтнуудын тоо аль аль нь нэмэгдэх боловч ислам шашинтнуудын өсөлт илүү хурдацтай байх төлөвтэй гарчээ.

Хэрэв хүн ам зүйн өнөөгийн хандлага үргэлжилбэл 2070 он гэхэд дэлхий даяар 3.6 тэрбум гаруй ислам, гурван тэрбум орчим христийн шашинтан байх төлөвтэй байна.

Энэ хугацаанд дэлхийн нийт хүн ам 29 хувиар өсөхөөр тооцоолжээ. Харин христийн шашинтнуудын тоо 30 хувиар, ислам шашинтнуудынх 80 хувиар нэмэгдэх бөгөөд эдгээр нь дэлхийн хүн амын өсөлттэй дүйцэх буюу түүнээс давах цорын ганц хоёр шашны бүлэг байх ажээ.

Тодруулбал, 2020 онд дэлхийн хүн амын 26 хувийг эзэлж байсан ислам  шашинтнуудын эзлэх хувь 2070 онд 36 хувьд хүрэх бол христийн шашинтнуудынх 29 орчим хувьд тогтвортой байх төлөвтэй гэж тайланд дурдсан байна.

2020-2025 онд ислам шашинтай нэг эмэгтэйд ногдох төрөлтийн дундаж тоо 3.1 байсан бол бусад шашны бүлгийнх 2.0 байжээ. Мөн 2020 онд ислам шашинтнуудын голч нас 24 байсан нь бусад шашны бүлгийн 33 настай харьцуулахад бараг 10 жилээр залуу үзүүлэлт юм.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих