NBA од Леброн Жеймс нэр, дүр төрхийг нь зөвшөөрөлгүй ашигласан компанийг шүүхэд өгчээ

Хуваалцах:
NBA од Леброн Жеймс нэр, дүр төрхийг нь зөвшөөрөлгүй ашигласан компанийг шүүхэд өгчээ

Леброн Жеймс өөрийн нэр, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүр төрхийг нь зөвшөөрөлгүй ашиглаж, спортын бооцооны мэдээлэл, судалгааны аппликэйшныг сурталчилсан компанийг шүүхэд өгчээ.

Л.Жеймс болон түүний эзэмшлийн “LBJ Trademarks LLC” компани арваннэгдүгээр сарын 17-нд Нью-Йоркийн Манхэттен дүүргийн холбооны шүүхэд “PlayVision Inc.” компани, түүнийг хамтран үүсгэн байгуулагч Аниш Гупта, Марк Зохби нарын эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд дурдсанаар, тус компани Жеймсийн олон жилийн турш хэрэглэж ирсэн “Bron” хочийг ашиглан аппликэйшнаа ийнхүү нэрлэжээ.

NBA од Леброн Жеймс нэр, дүр төрхийг нь зөвшөөрөлгүй ашигласан компанийг шүүхэд өгчээ

Арваннэгдүгээр сарын эхээр цацсан дүрс бичлэг бүхий сурталчилгаанд хиймэл оюун ухаанаар бүтээсэн, Жеймстэй төстэй дүр 23 дугаартай, “Bron” гэсэн бичигтэй өмсгөлтэйгөөр өрөөнд сууж буйгаар гардаг байна. Уг дүр нь түүний дуу хоолой, шивээсийг дуурайлгасан бөгөөд NBA-ийн бусад тоглогчтой холбоотой бооцооны мэдээллийг үзүүлжээ.

Жеймсийн өмгөөлөгчдийн үзэж буйгаар, энэхүү сурталчилгаа нь түүнийг уг аппликэйшнтай холбоотой, бүтээгдэхүүнийг нь дэмждэг мэт ташаа ойлголт төрүүлэхээс гадна NBA-ийн тоглолтуудад өөрөө мөнгөөр бооцоо тавьдаг гэсэн сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж болзошгүй ажээ.

Түүний өмгөөлөгчид арваннэгдүгээр сарын 5-нд тус компанид хууль бус ашиглалтаа зогсоохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна. Үүний дараа PlayVision компани сурталчилгаагаа устгаж, аппликэйшныхаа нэрийг өөрчлөхөө мэдэгдсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргах үед “Bron” нэрээр нь сурталчилсан хэвээр байсан гэж нэхэмжлэлд дурджээ.

Apple компанийн App Store цахим дэлгүүрт PlayVision нь “Bron” аппликэйшныг бооцооны харьцаа, тоглогчдын статистик үзүүлэлт болон тоглолтын үр дүнгийн таамаглалыг цаг тухайд нь мэдээлдэг судалгааны аппликэйшн хэмээн танилцуулсан байна. Харин тус компани уг аппликэйшнаар шууд бооцоо хүлээн авдаггүй, бодит мөнгөний гүйлгээ хийдэггүй гэж мэдэгджээ.

Л.Жеймс болон түүний компани нэр, дүр төрх, дуу хоолойг нь зөвшөөрөлгүй ашиглахыг хориглуулахын зэрэгцээ учирсан хохирлын нөхөн төлбөр, шийтгэлийн шинжтэй нэмэлт төлбөр гаргуулах, мөн зөвшөөрөлгүй ашигласны үр дүнд олсон ашгийг шилжүүлэн авахыг шүүхээс хүссэн байна.

эх сурвалж: Монцамэ агентлаг


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх