Монголын парламентын цэц нь хүүхнүүд

Хуваалцах:
Монголын парламентын цэц нь хүүхнүүд

Янаг байх тусмаа хоёр бие нэг нэгэндээ илүү хараат, илүү хариуцлагатай  байдаг. Хайр дурлалд, хүн хооронд ийм байдаг. Парламент, Ерөнхийлөгч хоёр бол өөр. Ерөнхийлөгч парламентдаа тайлангаа тавьж, ажлын хариуцлагаа үүрэх хуультай.

Ердийн логикоор тун ч хараат бус байх ёстой. Гэтэл Монголын парламент тайлан тавиулах учиртай Ерөнхийлөгчөө “үнсээд”, “озоод” гаргалаа. Ямар их янаг байна вэ. Улс орон мөн аваас зарчим хууль ёс үйлчилж байгаа бол парламент Ерөнхийлөгчөөр тайланг нь тавиулаад үдсэн бол жинхэнэ зарчмын хайр, улс орон, ард түмний өмнө хүлээсэн хариуцлагыг сахиулсан жишиг байх байлаа. Гэвч ингэсэнгүй парламентын гишүүд бараг уйлалдан, нөхцөлгүй ихээр янаг хайрыг асгаруулж Ерөнхийлөгчөө үдлээ. Энэ байдлыг Монголын ард түмэн ямар егөөтэйгээр хүлээн авч, гашуун инээцгээж байгааг М.Нарантуяа гишүүний байр суурь дээр эрхий гозойлгож байгаа их таашаалаас бүрэн дүүрэн харж болно.

Эндээс нэн тодорхой дүгнэлт харагдана. Парламентын гишүүд ард түмнээс сонгогдсон атлаа ард түмнийхээ хүсэл зоригийг мэдрэхгүй байгааг тов тод харна. Ард түмэн, зон олны хүсэл эрмэлзэл юунд чиглэж байгааг, юунд санаа зовж, амьдралын зарчмын зорилт хаана бууж байгааг парламентын гишүүд ойлгохгүй, ухаарахгүй байгаа нь харагдана. 

Парламентын гишүүд угтаа зарчмаараа бол С.Эрдэнэболд шиг, Н.Номинчимэг шиг төв , тэгээд зарчмын үг хэлж, жинхэнэ парламентынхаа мөн чанар, парламентчийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг үзүүлэх ёстой байлаа. Гэтэл үг хэлсэн хорь гаруй гишүүний ная ерэн хувь хэтэрхий янагийн нулимс үзүүлж, уйлан дуулан, тэр тусмаа эрчүүд нь тэгж байгаа нь Монголын парламентын зарчмын мөн чанар машид дорой байгаагийн төгс төгөлдөр илэрхийлэл юм. Монголын ард түмэн хайртай морио хазаартай нь усалдаг гэдэггүйсэн билүү. Хэрэв парламентын гишүүд У.Хүрэлсүхийг үнэхээр хайрлаж байгаа бол зарчмын ташууртайгаар үдэж өгсөн бол онох байв. Гэвч тэр итгэл үнэмшлийн туухай эрчүүдэд үгүй болсон нь дэндүү өрөвдөлтэй.

Энэ бүхний эцэст, хамгийн гол дүгнэлт юу вэ гэхээр, Монголын парламент ямар их хараат байгаа нь эл байдлаар бүрнээ ойлгогдохоор байна. Монголын парламент зарчмын үүднээс ямагт хараат бус, дүүрэн данагар тэнхлэгтэй орших ёстой билээ. 

Намууд илүү их ардчилагдаж, илүү их цэвэршиж, олон намын тогтолцоог улам их бэхжүүлж, улам бүр УИХ-ын гишүүний аливаагаас хараат бус байх чигч цэцэн билгийг сонгодог байх их хариуцлага Монголын ард түмэнд улам бүр тулгагдан, үүд хаалгыг нь тогшиж байгааг ойлгоцгоох ёстой. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийн утга шид ердөө л энэ. Парламентын ардчиллын агаар илүү их цэнгэгшиж, хүйсийн эрх тэгш байдал улам бүрэн солонгорон дархлаажих ёстойг ч тунхаглаж байна. Чухамдаа Монголын парламентын цэц нь хүүхнүүд байна. С.Цэнгүүн, М.Нарантуяа, Н.Номинчимэг, Л.Энхнасанг хар. Ийм л байх ёстой юм.

Эрчүүд бол матрын нулимстнууд болсоор улам бүр хүүхнүүдийнхээ, ард түмний доог тохуу болсоор байх нь дээ. Өчигдрийн парламентын хурал дээр нийт гишүүдийн ная гаруй хувь нь үг хэлээгүй. Тэдний үзэл бодол цэнгэг, зөв байгаасай гэдгийг л ухаж, тэд ч илэрхийллээ тод байлгаж, улс орноо өөд татах зарчим, үнэт зүйлээр жигүүрлээсэй гэж Монголын иргэд олон бодож санаж, үүрэг дайж байгаа нь илтэд.   

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх