
Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үе үе байр сууриа илэрхийлэх боллоо. Оюу толгойн ноогдол гэж нэг ярьсан. Сүүлд, өнгөрөгч долоо хоногт шатахууны ноогдлын лоосууны учрыг олох талаар хүчнийхнийг суулгаж байгаад үүрэг өгч, байр сууриа илэрхийлсэн. Улс төр ороод байна, зохисгүй агуулга байна гэж намуухан өнгөнөөс эхэлснээ сүүл рүүгээ ширээ тогшиж, дуугаа өндөрсгөсөн. Зарим хэвлэл мэдээлэлд давтсан үгс, ширээ тогшсоны тоог хүртэл гаргасан харагдана билээ.
Ерөнхийлөгч одоо нэг зүйлд тун дуугаа өндөрсгөөд, ширээ тогшмоор байгаа юм. Энэ бол улсын гавьяат, хөдөлмөрийн баатруудад хэлмээр байгаа үг, байр суурь. Хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан, гавьяат эдийн засагч Д.Баясгалан, хөдөлмөрийн баатар П.Батсайхан тэргүүтнүүдэд хэлмээр байгаа үг. Монгол улс шатахууны асуудлаар тун өеөдмөл байсаар байна. Ерөнхийлөгчийн шав суурийг нь тавьсан Алтанширээгийн газрын тосны үйлдвэр ашиглалтад ортол бусдаас хараат энэ байдал үргэлжилсээр байх нь тодорхой юм.П.Батсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар, О.Содбилэг нарын нефть импортлогч магнатууд улс эх орноо, ард түмнээ тун бодмоор байна. Балга бензиний гачаал нэрвэхийн хэрээр эд маань үнээ дахин дахин нэмлээ. Хуучин, хэвийн үед банкаа дүүргэдэг байснаас даруй лавтай зуугаад мянгаар илүү өртөг төлж шатахуун авдаг боллоо, ард түмэн. Гэтэл нефть импортлогчдын онцгой албан татварыг Г.Дамдинням, Засгийн газар хэдийнэ тэглэчихсэн.
Чухамдаа мөнөөх хөдөлмөрийн баатар П.Батсайхан тэргүүт шатахууны бизнес эрхлэгчид хахтал л ашиг хийж байгаа нь тодорхой. П.Батсайхан өөрөө бензин шатахуунтай хүн гэсэн шиг л лут лут машин тэрэг авснаа өөрөгдөөд л байсан. Шатахуун импортлогч тэдгээр бизнесмэнүүд бензин зөөж хангалттай удлаа, ашгаа хангалттай хийсэн, одоо улс орноо, ард түмнээ бодмоор байна. П.Батсайхан саяхан Нөмрөгийн шатсан газарт ажиллах хүмүүсийн унаа тэрэгт шатахуун өгөхөө зарласан байсан. Энэ тун зөв, эх оронч үйлдэл. Одоо манай П.Батсайхан,Ц.Анандбазар, О.Содбилэг нар Алтанширээгийн газрын тосны үйлдвэрт хөрөнгө оруулж, тэртээ тэргүй энэ бизнесээр дагнасных, дэд бүтэцтэйн ч хувьд тэр үйлдвэрийн ашиглалтад оруулахыг түргэвчлүүлмээр байгаа юм. Тэгтэл жинхэнэ эх оронч үйл хэрэг болно. Ерөнхийлөгч ийм агуулгаар бензин тосны аваргууд, хөдөлмөрийн баатар тэргүүтийг өрөөндөө авч ширээ тогшисхийгээд байр сууриа илэрхийлбэл их гоё харагдана. Тустай үйл хэрэг юм. “Ард түмнээ бод оо, та нар...” гээд. Ерөнхийлөгч мөн хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан, гавьяат эдийн засагч Д.Баясгалан, Худалдаа хөгжлийн Д.Эрдэнэбилэг нарыг мөн өрөөндөө уриад бас байр сууриа илэрхийлмээр байгаа юм. Юу гэвэл эдгээр банкны эзэд Монголын ард түмэнд мөнгөний, зээлийн хүүг чухам овоолчихсон сууж байгаа улс. Дэлхийн банкуудын жишгээс хэд дахин өндөр хүүг эдгээр эздэд монголчууд төлж байгаа. Төлсөөр байна. УИХ-ын дарга С.Бямбацогт энэ чиглэлд, хүүлэгчидтэй тэмцэж байгаа ч ажил нь тийм ч урагштай биш байх шиг байна. Санхүүгийн зохицуулахын даргыг шилгээх гээд хүчрэхгүй байх шиг. Энэ бол хэрэг дээрээ банкуудын эздийн л суурь хүүлэлт дархлааны систем бүх түвшинд бодьтой оршиж байгаагийн илэрхийлэл. С.Бямбацогтын өмнөх спикер Д.Амарбаясгалан, Н.Учрал нар ч банкны хүүлэлтэй тэмцэж, зохист болгох гэж явсан ч эрх тушаалаасаа хөндийрцгөөсөн. УИХ-ын гурвын гурван дарга, төрийн эрх барих дээд байгууллагыг удирдагсад ингэж тэмцэж, үнэхээр банкны хүүлэл монголчуудыг сөхрөөж байгааг бүрэн оношиловч эдгээж эх орон,ард түмэндээ ивээлтэй болгож чадахгүй байсаар байна. Чухам энэ учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны эзэд, шатахууны эздийг өрөөндөө урьж дуудан байр сууриа илэрхийлээсэй, тэр илэрхийлэл нь “Ард түмнээ бодож хайрлана уу. Эх орон ард түмнээ тааруу найруухан “шулахыг” бодно уу”гэдэг агуулгаар баймаар байгаа юм. Энэ бол Монголын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл юм шүү.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу