Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын янданг буулгаж, арга замыг энэ сарын 20-нд танилцуулна

Хуваалцах:
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын янданг буулгаж, арга замыг энэ сарын 20-нд танилцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл болон холбогдох асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэл 10,100 тонн давс, 10,200 тонн бодисын нөөц бүрдүүлээд байна. Цас орсон үед давс, бодисыг зэрэг цацаж, зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхээр ажиллана. 

Мөн энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган айлын янданг буулгах ажлыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ямар технологи нэвтрүүлэх, дулаан хураагуурын шийдлийг хэрхэн ашиглах талаар арваннэгдүгээр сарын 20-нд олон нийтэд нээлттэй танилцуулна. Түүнчлэн иргэдийн амьжиргааны түвшинд нийцсэн санхүүжилтийн шийдлийг арилжааны банкууд болон олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулсан. Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд нарны эрчим хүчний мини-грид станц болон эрчим хүч нөөцлөх батарейн системүүдийг суурилуулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ өвөл Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 айл өрхийг хийн зууханд шилжүүлж, 34 уурын зуухны үйл ажиллагааг зогсоон хий болон цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлсэн. Мөн энэ жил угааж баяжуулсан нүүрс буюу Тавантолгойн түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь нийслэлийн агаарын чанарт эерэг нөлөө үзүүлж байна. Мэргэжлийн байгууллагуудын тооцоо, судалгаагаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаар дахь хорт бодисын хэмжээ 10-14 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Одоогоор агаарын бохирдол хамгийн өндөр байгаа зургаан цэгт нийт 73 мянган айл өрх амьдарч байна. Эдгээр бүсийн агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулалтыг дэмжих нь чухал юм. Гэвч дахин төлөвлөлтийн явцад хохирсон 2000 орчим иргэн бий. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж, хохирсон иргэдийг орон байртай болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, эхний ээлжид Андын зам болон Бриллиант төслийн хохирогчдыг улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй 1008 айлын орон сууц, Солонго-1, Солонго-2 хороолол болон дэд төвүүдэд шилжүүлэн, хохирлыг барагдуулна. Цаашид царцаад байгаа төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар үргэлжлүүлж, аж ахуйн нэгжүүдийг сонгон, иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлнэ.

Харин 2027 оны нийслэлийн төсвийг үндсэн гурван чиглэлд төвлөрүүлнэ. Нэгдүгээрт, авто замын түгжрэлийг бууруулах, хоёрдугаарт, агаарын бохирдлыг багасгах, гуравдугаарт, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нийтийн тээврийн хүртээмж муутай байгаа 16 чиглэлд нийт 27.3 км шинэ чиглэл нэмж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхээр төлөвлөж байна” гэлээ. 

 

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх