Оросын хараат бус "Новая газета" сонин үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлажээ

Хуваалцах:
Оросын хараат бус "Новая газета" сонин  үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлажээ

Оросын хараат бус "Новая газета" (Novaya Gazeta) сонины редакцийн баг баасан гарагт үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлажээ. Энэхүү сонин нь Оросын Украин дахь дайныг ил тодоор шүүмжилж ирсэн цөөн хэдэн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг бөгөөд Москвагийн зүгээс үзүүлэх дарамт шахалт улам бүр нэмэгдсээр байсан тул үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.

"Арваннэгдүгээр сарын 9-ний өдөр бид 30 жилийн турш амьдарсан 'гэр'-ийнхээ гэрлийг унтрааж, серверүүдээ зогсоогоод, эндээс явах гэж байна" хэмээн тус хэвлэл мэдээлжээ. Түүнчлэн "Сонин цаашид оршин тогтнохоо болилоо. Оросын эрх баригчид болон тус улсын аюулгүй байдлын албаныхан манай редакцын үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй байдалд хүргэлээ" хэмээсэн байна.  

Энэхүү хэвлэл нь Оросын Украинд өрнүүлж буй дайныг ил тод шүүмжилж ирсэн Оросын цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг байсан юм. Гэвч тэд Москвагийн зүгээс улам бүр нэмэгдэх дарамт шахалттай тулгарч, улмаар 2022 онд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө хураалгаж, сэтгүүлчид нь ч саатуулагдаад байв. Тус хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, тэдний баг Москва хотын Потаповскийн гудамжинд байрлах төв байрнаасаа нүүсэн бөгөөд уншигчдаасаа санхүүгийн дэмжлэг авдаг байсан хандивын платформ нь ч мөн хаагдсан байна.

"Бидэнтэй харилцаагаа тасалсан банкууд үүнийгээ зөвхөн дотоод журмаа дагаж буй хэрэг хэмээн тайлбарлаж байна. Гэвч тэдний мөрдөж буй уг журмыг байгууллага бүрийн дотор шигдэн суурьшсан төрийн аюулгүй байдлын алба болох ФСБ (Холбооны аюулгүй байдлын алба) тогтоодгийг тэд хэлэхгүй байна. Тэд энэ улс орныг өөрсдийн хувийн эзэмшил мэтээр үздэг" гэдгийг сонин мэдэгдэлдээ дурдсан байна.

Оросын хараат бус сэтгүүлчид "Новая газета" (Novaya Gazeta) сониныг дэмжсэн мэдэгдэл гаргажээ. "Орчин үеийн Орос дахь хамгийн чухал хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн түүх өндөрлөлөө. Тус сонины редакц шиг түүхтэй, ийм замналыг туулсан өөр хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй” гэжээ.

Редакцаас гадна сэтгүүлч Анна Политковскаягийн музей ч мөн хаагдаж байна. Тус музейг түүнийг хөнөөснөөс хойш 15 жилийн ой тохиосон 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүний хуучин ажлын өрөөнд нээж байжээ. "Новая газета" сониныг 1993 онд Сергей Кушнерев, Павел Вощанов, Акрам Муртазаев, Дмитрий Сабов, Дмитрий Муратов нар үүсгэн байгуулсан түүхтэй.

Тус редакц анхны компьютеруудаа ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачевын тусламжтайгаар худалдан авч байжээ. 2022 оны 03 дугаар сарын сүүлчээр, Орос улс бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлсний дараа "Новая газета" нь хэвлэл мэдээллийн хяналтын байгууллага болох "Роскомнадзор"-оос (Roskomnadzor) ирсэн анхааруулгын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон ч, хожим нь дахин сэргээсэн юм. Дайн эхэлсний дараа тус сонины зарим сэтгүүлч Оросыг орхин гарч, Латви улсад төв оффис нь байрлах "Новая газета Европа" (Novaya Gazeta Europe) хэвлэлийг үүсгэн байгуулжээ.

https://www.euronews.com/2026/10/30/russian-independent-newspaper-novaya-gazeta-says-it-will-shut-down-following-pressure-from


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих