
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч асан Н.Цэрэнсамбууг тендерт шалгарсан компанид давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогдуулан 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон. Тухайлбал, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Н.Цэрэнсамбууд холбогдох хэргийг аравдугаар сарын 30-нд хэлэлцэж, 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг.
Цагдан хорьсон үндэслэл нь , Н.Цэрэнсамбуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах явцдаа тендерт шалгарсан компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй баримт илэрчээ. Иймд Эрүүгийн хуулийг 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх хэргээр мөрдөн шалгаж байгаа аж.
Түүний цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч нь дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна. Өмгөөлөгчийн гомдлыг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр шүүх хэлэлцээд, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэг үгээр хэлбэл, 30 хоног цагдан хорьсон шийдвэрийг хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй юм.




