
Монголд улс даяар үүссэн шатахууны хомсдолоос шалтгаалан Засгийн газар шатахууны хэрэглээг хязгаарлаж, шинэ нөөц олохын тулд яаралтай арга хэмжээ авч байгаа ч Улаанбаатар хотын шатахуун түгээгүүрийн цэгүүдэд урт дараалал үүсээд байна. Наймдугаар сарын эхэн үеэс эхлэн тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн цифрээс хамааран ээлжлэн шатахуун худалдан авах журам үйлчилж эхэлсэн. Эхэндээ худалдан авалтыг 50,000 төгрөг (ойролцоогоор 14 ам.доллар) буюу 14 орчим литрээр хязгаарлаж, мөн жолооч нарыг нэмэлт саванд шатахуун хийхийг хориглосон.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас наймдугаар сарын 7-нд шатахуун түгээгүүрийн цэгүүдэд урт дараалал үүссэн болон хомсдол улс орон даяар үүссэнийг тэмдэглээд, АНУ-ын иргэдэд зайлшгүй шаардлагагүй аяллаа хойшлуулах, холын зайн аяллыг хязгаарлах, мөн Монголоос явахаар төлөвлөсөн хугацаагаа наашлуулах талаар бодож үзэхийг зөвлөжээ.
Тус улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдолыг дэлхий нийтийг хамарсан эрчим хүчний хямралын нэг хэсэг гэж тайлбарлаж, Орос-Украины дайн болон АНУ, Ираны хоорондох зөрчилдөөнөөс үүдэлтэй тасалдлыг гол шалтгаан гэжээ.
Монгол Улс шатахууны гол нийлүүлэгч болох ОХУ-аас шатахуунаа авсаар байна. Төрийн мэдлийн "Монцамэ" агентлагийн мэдээлснээр, 8-р сарын 1-нээс 5-ны хооронд Сүхбаатар боомтоор 10,000 гаруй тонн АИ-92 шатахуун орж ирсэн бөгөөд нэмэлт ачаа тээвэрлэлт замдаа явж байгаа аж. Гэвч үнэ өсөж, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй саад бэрхшээлүүд шатахууны зах зээлд дарамт учруулж байгаа тул Засгийн газар нийлүүлэлтийн нэмэлт эх үүсвэр хайх болсон байна.
Сайд Дамдинням өнгөрсөн сарын 31-нд Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, Монголын шатахуун импортлогчид Өмнөд Солонгосын "GS Caltex" компанитай шатахууны квот, үнэ, тээвэрлэлтийн асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд энэ сарын сүүлч гэхэд эхний бүтээгдэхүүнийг хүлээн авахаар тохиролцсон гэдгийг мэдэгджээ.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 7-нд Хятадын төрийн өмчит "China National Petroleum Corp" (CNPC) компанийн охин компани болох "PetroChina Daqing Tamsag"-ийн удирдлагатай уулзаж, энэ сард Монгол Улсад 6,000 тонн AI-92 шатахуун нийлүүлэхээр тохиролцсон хэмээсэн. Наймдугаар сарын 7-нд Дамдинням шатахуун нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцээ хийхээр Москва руу явах гэж буйгаа мэдэгдсэн бөгөөд энэ нь түүний сайдын хувиар сүүлийн нэг жилийн хугацаанд хийж буй ес дэх айлчлал болохыг онцолжээ. Тэрбээр мөн Москва дахь айлчлалынхаа дараа Казахстан болон Бээжин хотуудад очиж, шатахуун нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж буйгаа хэлсэн байна.
Засгийн газар мөн ирээдүйд үүсэж болзошгүй хомсдолоос сэргийлэх зорилгоор шатахууны нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Албаныхны мэдээлснээр, 18 компани Засгийн газрын дэмжлэгтэй зээлийн тусламжтайгаар газрын тосны бүтээгдэхүүний агуулахын 22 байгууламжийг барих эсвэл өргөтгөх ажлыг эхлүүлжээ.
¥Улаанбаатар хотод баригдаж буй нэгэн байгууламж энэ сарын сүүлээр ашиглалтад орох бөгөөд тус хотын AI-92 шатахууны хэрэглээг ойролцоогоор 13 хоног хангах хүчин чадал нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Монгол Улсын хамгийн том агуулах болохоор төлөвлөгдсөн Улаанбаатар дахь өөр нэг төсөл 2027 онд ашиглалтад орсноор улсын хэмжээний шатахууны хэрэглээг дахин 8-9 хоногоор хангах нөөцийн хүчин чадал нэмэгдэх төлөвтэй байна.
Засгийн газрын зүгээс эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улс улсын хэмжээний шатахууны хэрэглээг гурван сар хүртэлх хугацаанд хангах хангалттай нөөцийн хүчин чадалтай болох юм гэж мэдэгдэж байна.
Засгийн газар мөн урт хугацаанд импортын шатахуунаас хамаарах хамаарлаа бууруулахыг зорьж байна. Ерөнхий сайд Учрал энэ сарын 10-нд Дорноговь аймагт ажиллаж, тус аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл явцтай танилцсан. Албаныхан удаашраад байсан уг төслийг 2028 он гэхэд ашиглалтад оруулахаар идэвхтэй ажиллаж байна.
Засгийн газрын мэдээлснээр, тус улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг Монгол Улсын зүүн хэсэгт орших газрын тосны ордтой холбох 527 км урттай дамжуулах хоолойн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ нь Монгол Улсын анхны алсын зайн газрын тос дамжуулах хоолой болох бөгөөд үйлдвэрийг түүхий тосоор тогтвортой хангах зорилготой юм. Санхүүжилт болон хууль эрх зүйн асуудлаас шалтгаалан барилгын ажил хоёр жил орчим хугацаанд саатсан ч одоо эдгээр асуудал шийдэгдсэн гэж Учрал хэллээ.
Одоогоор уг төсөл дээр 4500 орчим инженер, техникийн ажилтан өдөр шөнөгүй ажиллаж байгааг Засгийн газраас мэдээлсэн. 1.7 тэрбум ам.долларын өртөгтэй уг үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтайгаар төлөвлөгджээ. Ашиглалтад орсны дараа тус үйлдвэр нь Монгол Улсын дотоодын газрын тосны хэрэгцээний 55 орчим хувийг хангах хэмжээний шатахуун үйлдвэрлэх төлөвтэй байна. Гэвч энэхүү урт хугацааны стратеги нь шатахуун түгээх станцуудад дугаарлан зогсож буй жолооч нарын хувьд нөхцөл байдлыг төдийлөн хөнгөвчлөхгүй л байна.






1 өдрийн өмнө

1 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу