Сэрэмжлүүлэг: Ахуйн жижиг газ дэлбэрсний улмаас нэг иргэн түлэгджэж, цонхнууд хагарчээ

Хуваалцах:
Сэрэмжлүүлэг: Ахуйн жижиг газ дэлбэрсний улмаас  нэг иргэн  түлэгджэж, цонхнууд хагарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 давхарт байрлах орон сууцны нэг айлд өчигдөр  17:02 цагт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход тухайн айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан байна. Тэсрэлтийн улмаас нэг иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд гал түймэр гараагүй аж.

Иймд иргэд ахуйн хэрэглээний газны баллон, савлагааг ашиглахдаа дараах аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. Үүнд:

  • Газны баллон, савлагааг зориулалтын дагуу ашиглаж, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх;
  • Халуун, галын эх үүсвэр болон нарны шууд тусгалаас хол хадгалах;
  • Агааржуулалт сайтай орчинд ашиглаж, битүү орчинд хий хуримтлагдахаас сэргийлэх;
  • Газ алдагдаж байгаа эсэхийг тогтмол шалгах;
  • Газ үнэртсэн тохиолдолд ил гал гаргахгүй, цахилгаан хэрэгсэл болон унтраалга ашиглахгүй байх;
  • Боломжтой бол аюулгүйгээр хаалтыг хааж, хаалга, цонхыг нээн агааржуулах;
  • Хүмүүсийг тухайн орчноос нэн даруй холдуулж, аюулгүй газраас 101 дугаарт дуудлага өгөх.

Иргэд та бүхэн газны баллоныг зөв ашиглаж, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх