
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 341 мянган суралцагчдад үдийн хоолоор үйлчилдэг бөгөөд 2026 оны арван сарын гүйцэтгэлээр 106 тэрбум төгрөгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлээд байна. Энэ онд бага ангийн хүүхдийн үдийн хоолны түүхий эдийн зардал 2500 төгрөг байгаа бол ирэх оны нэгдүгээр сараас 1000 төгрөгөөр нэмэх ажээ.
Энэ өртгөөр тооцон 2027 оны төсөвт бага ангийн хүүхдийн үдийн хоолонд 244.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Цэцэрлэг, сургууль, дотуур байрын хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 2027 онд 144 тэрбум төгрөг, 6,7 дугаар ангийн 137 мянган суралцагчийн үдийн хоолны зардалд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж буй.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Боловсролын яамны зүгээс дунд, ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлтийг хийж, 2026 оны 5 дугаар сард УИХ-ын 28 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийг хүүхдүүдийг бүрэн, 2030 онд ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор бүрэн хангана” гэлээ.
Мөн Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 62.2 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүлэв.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.




