Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг УДШ өнөөдөр хэлэлцэнэ. Өмгөөлөгчдийн зүгээс зургаадугаар сарын 30-ны өдрийн Давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрт үндэслэн гомдол гаргасан байна.
Ташрамд, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасах ял оноож байсан. Харин Давж заалдах шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн байдаг.
Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Харин Шүүгдэгч З.Энхболд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.




