
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцов.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон тус суурь баримт бичигт хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.




Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн энэхүү гэрээ нь ийнхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.
Талууд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор есөн баримт бичиг байгуулав.
1. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Максим Рыженков нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийн хүрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, хүнд болон хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиролцов. Энэ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, 2027-2029 онд цогцоор нь бэхжүүлэхэд чиглэж байна.
2. “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын яам хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын сайд Сергей Ковальчук нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улс спортын хөгжил, спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн солилцоог хэрэгжүүлэхээс гадна спортын тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд хоёр улсын тамирчдыг харилцан оролцуулж, үндэсний шигшээ багуудыг хамтран сургуулилт, бэлтгэл хийлгэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана. Баримт бичгийг байгуулснаар хоёр орны спортын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, сайн туршлагын солилцоог хэрэгжүүлж, салбарын симпозиум, эрдэм шинжилгээний хурал, сургалтад мэргэжилтнүүдийг харилцан оролцох боломжийг бүрдүүлнэ.
3. “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Юрий Горлов нар гарын үсэг зурав.
Замын зураглалын хүрээнд талууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, экспортын боломжтой бүтээгдэхүүний талаарх мэдээлэл солилцох, тарифын хөнгөлөлтийг үр ашигтай ашиглах, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангах асуудлыг шийдвэрлэх, хоёр улсын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг, форумын чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү замын зураглал нь Монгол, Беларусийн хөдөө аж ахуйн салбарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологи, туршлага солилцох, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой.
4.“Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын концерн “БЕЛЛЕГПРОМ” хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын концерн “БЕЛЛЕГПРОМ”-ын захирал Надежда Лазаревич нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоох, үзэсгэлэн, яармаг, бизнес уулзалт, форум, семинар зохион байгуулах, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Беларусийн хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн түншлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.
5. “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гаалийн хороо хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гаалийн хорооны дарга Владимир Орловский нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн дагуу талууд олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн статусыг харилцан хүлээн зөвшөөрнө. Хоёр улсын гаалийн байгууллага итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, бичиг баримтын болон хяналт шалгалтын ачааллыг бууруулан, гадаад худалдааг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм.
6. “Итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Итгэмжлэлийн төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа, Бүгд Найрамдах Беларусь Улсын Итгэмжлэлийн төвийн захирал Екатерина Дворак нар гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын үндэсний итгэмжлэлийн тогтолцооны дүйцлийг хангах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр талын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудаас гаргасан тохирлын үнэлгээний үр дүнгийн найдвартай байдал, хүлээн зөвшөөрөх нөхцөлийг хангахад чиглэж байна. Мөн итгэмжлэл болон тохирлын үнэлгээний чиглэлээр олон улсын стандарт, Дэлхийн итгэмжлэлийн байгууллага (Global ACI)-ын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх туршлага, практикийг уялдуулахад ач холбогдолтой юм.
Талууд итгэмжлэлийн үйл ажиллагаа, үнэлгээнд харилцан оролцох, итгэмжлэлийн чиглэлээрх шилдэг туршлагыг хуваалцах, мэдээлэл, туршлага, үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээчдийг харилцан солилцох, хамтарсан үнэлгээ хийх, семинар, сургалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг үндсэн чиглэлээр хамтран ажиллана.
7. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Баянхонгор аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель муж хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Баянхонгор аймгийн Засаг дарга Эрдэнээгийн Энхбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель мужийн Гүйцэтгэх хорооны дарга Иван Крупко нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, хамтарсан үйлдвэр, үзэсгэлэн яармаг, хөрөнгө оруулалтын төслийн мэдээлэл солилцохыг дэмжинэ.
8. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хэнтий аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Хэнтий аймгийн Засаг дарга Дамдинжавын Аюурбунь, Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв мужийн Гүйцэтгэх хорооны дарга Анатолий Исаченко нар нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Хэнтий аймаг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын найрсаг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлал, спортын салбарт хамтарсан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хэлэлцээр нь орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.
9. “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белтелерадиокомпани” хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белтелерадиокомпани”-ийн Ерөнхий захирал Иван Эйсмонт нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр улсын түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулж, телевизийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Талууд баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хоёр улсын телевиз хамтарсан уран бүтээл бэлтгэх, харилцаа холбооны салбарт мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах, радио, телевизийн наадам, үзэсгэлэн, соёлын арга хэмжээнд оролцох техникийн болон хэвлэл мэдээллийн салбарт зохион байгуулж буй үйл ажиллагааг идэвхтэй дэмжих чиглэлээр хамтарч ажиллана.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу