
“Монгол төрийн тамганы хөшөө” нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.
Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үеийн болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг.
Уг хөшөө нь Монголын төрт ёсны түүхэн хөгжил, төрийн бэлгэдлийн өөрчлөлт, төрийн залгамж чанарыг нэг дороос харах боломж олгодог онцгой ач холбогдолтой дурсгал юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулах ажлыг гүйцэтгэж эхэллээ. Уг ажлыг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.




