М. Учрал


Ж.Батзандан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, дүүтэй нь муудалцихаад ахыг нь шоронд хорихоо болимоор байна

hi

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлаар Ж.Батзандан өнгөрөгч өдөр мэдэгдэл хийгээд байсан билээ. Мөн түүний ах Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монгол оронд системийн эрс өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй болсон гэдгийг иргэд ойлгож хүлээж авч байна. Гурван жилийн өмнө 2019 онд Д.Сүхбаатарын талбайд цугласан 50 мянган иргэн юу хүсэж байсныг бид мартах ёсгүй. Бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд ордон дотор дулаахан оффист тухлан сууж байна. Харин миний хувьд Шинэ хувьсгал хөдөлгөөнийхөө байранд сууж байна. 

У.Хүрэлсүх ерөнхийлөгч таван гишүүнтэй хамтарч Миеэгомбын бүлэглэлийг засаг төрөөс холдуулаад, ард түмнийг өмч хөрөнгийг хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцно гээд шударга ёсыг тогтооно гэж тэмцэж байсан цаг саяхан. Гэтэл хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна.

Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шорон хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон. Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Ялангуяа том дарга нар, булчинтай хүмүүсээс айж байгаа. Гэхдээ тэр том дарга нарт ард түмэн юу хүсэж буйг өдөр бүр сануулахын тулд Шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулж байна.

100 мянга компани үүд хаалгаа барилаа. 500 мянган иргэн ажилгүй болохын ирмэгт байна. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлига авсан хүмүүс шоронгоос гараад Сингапур руу зугтааж байна" гэсэн юм.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ саатуулсан асуудалтай холбогдуулан "Өчигдөр намайг мэдээлэл хийсний дараа У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн зөвлөх, дотны найз, миний ах, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдаж байна гэж сонслоо. Ж.Бат-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийг Монгол Улсын хэмжээнд 93.2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга. Энэ хоёр хүн ямар дотно ойр гэдгийг би мэднэ. 

Дүүтэй нь муудалцсан мөртлөө ахыг нь шоронд хорихоо болимоор байна. Хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил. Таныг ядарч явахад би олон удаа тусалсан.

Шударга ёсны төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсмээр байна. Дэд сайд найзыгаа шоронд явуулна уу, шонд өлгөнө үү тэр таны асуудал. Та хоёрын паянг би сайн мэднэ" гэдгийг Ж.Батзандан хэлэв. 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0