
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй юм. Энэхүү айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар олон улсын харилцаа судлаач Г.Тод мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Беларусь улсын хувьд 2020 оноос эхэлж гадаад бодлогын шинэчлэл, гадаад бодлогын эргэлтийн эхлэлийг хийж эхэлсэн байдаг. Тэр дундаа Азийн орнуудтай харилцах харилцаагаа сэргээе гэсэн зарчим руу эрчимтэй орсон. Нэг үгээр 2020 оноос Беларусь гадаад бодлогодоо том шилжилт хийсэн үе. Азийн зах зээл рүү хандаж, Азийн орнуудтай хамтарч улмаар 2024 оноос Монгол Улстай харилцаагаа бэхжүүлж эхэлсэн. 2024 онд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг, гэрээг харвал гол төлөв хөдөө аж ахуй, мэргэжилтэн сургах хамтын ажиллагааны чиг хандлагатай байсан. Харин энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариу айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг илүү боловсронгуй болгох хандлага руу хэлбийж байгаа нь харагдаж байна.
Зарим судлаач ОХУ, Украины асуудлаас буюу 2022 оноос хойш Беларусь гадаад бодлогын чиглэлээ Ази руу хандуулсан гэж ярьдаг ч Беларусийн гадаад бодлогын номлолыг харвал, 2020 оноос эхлээд Ази руу нэлээн хараагаа чиглүүлж эхэлсэн байдаг. Шалтгаан нь тэнд шинэ зах зээлийг олж харъя гэсэн. Беларусь, Европын орнуудтай харилцах харилцаагаа гүн гүнзгий авч явж байсан шалтгаан нь Беларусьт хөдөө аж ахуйн ашиг сонирхол байсан бол дараагийн ашиг сонирхлын чиг хандлага нь Азийн орнууд руу хандуулах хамгийн эхний боломжит түнш буюу Зүүн хойд Ази руу гарахад Беларусийн гадаад бодлогын нэг том хүрээг тэлж өгөх орон зай нь Монгол Улс гэж хардаг. Беларусийн хувьд Монгол бол Зүүн Хойд Ази руу гарах зах зээлийн орон зай, боломж гэж харж байгаа бол Монгол Улсын хувьд Беларус бол Европын орнуудтай харилцах харилцааны нэг том хаалга болж байна.
Бид адилхан ОХУ-аар хөршилдөг учраас зүүн хойд Ази руу гарахад Монгол Улс Беларусийн хувьд нэн ач холбогдолтой улс байгаа юм. Энэ удаагийн айлчлалыг иргэд олон нийт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн санаачилга байсан гэж харахаас илүүтэй Беларусь улсын эрх ашиг, ашиг сонирхол нэлээн их байсан. Бидний мэддэгээр трактор, бордоо үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн орны хувьд хоёр улсын хооронд айлчлалын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа ихээхэн чухал юм. Эдгээрээс нэн чухал нь манай хөдөө аж ахуйн салбарт маш олон жилийн турш ярьсан ч нэг ч удаа авч хэрэгжүүлээгүй нь хагас эрчимжсэн мал аж ахуй байдаг. Энэ удаад Беларусийн хувьд сүүний чиглэлийн ферм, сүүний ашиг шим өндөртэй үхрийн аж ахуй, үржлийн генийн банк бүрдүүлье гэдэг ажлыг ярих юм.
Өнөөдөр хэдий айлчлалын хэмжээнд ярьж байгаа боловч алсдаа үр дүн талаас Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүний, хөдөө аж ахуйн салбарт уламжлалт гэхээсээ илүүтэй хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, шинжлэх ухаанч суурьтай мал аж ахуйг хөгжүүлэхэд Беларусь бидэнд бүхэл бүтэн салбарын том нөлөө бүхий улс болж таараад байгаа юм.
Үндсэндээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь нэгдсэн ашиг сонирхол дээр явах нь дамжиггүй. Беларусь улсын хувьд хамгийн чухал брэнд болсон зүйл нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, бордоо болж байна. Манай улсын хувьд Беларусьтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд энэ удаагийн айлчлалаар сүүний ашиг шим өндөртэй үхрийн үржүүлэг, ферм байгуулах, сүүний чиглэлийн үхрийн генийн санг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүлээлттэй байна" гэлээ.




