
Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол-Финландын бизнес форум”-ыг Хельсинки хотноо зохион байгууллаа.Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нийтэд хандан хэлсэн үгийг сийрүүллээ.
У.Хүрэлсүх: Монгол Улс хоёр хөрштэйгээ улс төрийн элдэв маргаангүй, терроризм, цунами байхгүй. Дээр нь ардчилсан орон. Чөлөөт зах зээлийг, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг улс.
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сайхан боломж финланд найзуудад олдож байна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, 1,6 тэрбум хүн тойрон амьдардаг асар том зах зээл юм. Энэ том зах зээлийг ашиглах ёстой гэж бодож байна. Монгол Улс хэдийгээр усан далайд гарцгүй ч гэлээ гүн далайд гарцтай. Бизнесийн таатай орчинтой. Дотооддоо иргэний дайнгүй, шашин хоорондын мөргөлдөөн байхгүй. Хоёр хөрштэйгээ улс төрийн болоод бусад маргаан байхгүй, терроризм, цунами байхгүй. Хэдэн мянгаар нь үхэж, үрэгдүүлдэг халууны өвчин, ялаа шумуул байхгүй. Дээр нь ардчилсан орон. Чөлөөт зах зээлийг, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг. Дээр нь ардчилсан орон. Чөлөөт зах зээлийг, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг. Ийм сайхан тогтвортой улс орон юм. Хэдийгээр бид алс хол амьдарч байгаа ч андын сайхан нөхөрлөлийг бэхжүүлж, Монголд ирж бизнес эрхлэх, том зах зээлийг эзэмших ийм сайхан боломж финланд ах дүү, бизнесмэн та бүхэнд байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Монголын өргөн уудам газар нутагт геологийн судалгааг хамтран хийж, Финляндын байгалийн баялагтай хослуулан ашиглах маш том боломж бий.
Монгол Улс газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаараа дэлхийн улсаас эхний 18 дугаарт жагсдаг. Асар өргөн уудам газар нутагтай. Асар их баялагтай улс орон. Бид өөрсдийн газар нутгийнхаа зөвхөн 15 хувийг л судалсан. Судалсан газар бүрээс маш их хэмжээний баялаг гарч байгаа. Газрын тос, зэс, төмөр, газрын ховор элемент, чухал ашигт малтмалын олдвор байна. Цаана нь байгаа 85 хувьд өргөн уудам газар нутагт геологийн судалгааг хамтран хийж, Финляндын байгалийн баялагтай хослуулан ашиглах маш том боломжийг нээх ийм бололцоо байгааг та бүхэндээ хэлэхийг хүсэж байна.
Өнөөдөр хоёр улсын Ерөнхийлөгч олон сайхан асуудлыг ярилаа. Хоёр улсын хамтын ажиллагаа, ОХУ, Украины дайн, дэлхийн геополитик гээд илэн далангүй сайхан ярьж, санал бодлоо солилцсон. Олон сайхан мэдээ мэдээлэл олж авлаа. ОХУ, Украины дайныг энхийн замаар шийдвэрлэхэд ихээхэн санал санаачилга гарган ажиллаж байгаа Финландын эрхэм Ерөнхийлөгч танд зориуд талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Дайны шууд болон шууд бус нөлөө Монгол Улсын эдийн засагт багагүйгээр нөлөөлж байна. Наад зах нь шатахууны үнэ нэмэгдэхээс эхлээд манай улсын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Энхийн замаар, яриа хэлэлцээрээр шийдвэрлэх ёстой гэдэгт дэлхийн бусад улс оронтой санал нэг гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тууштай, итгэлтэй, найдвартай удаан хугацааны түнш байх зарчим баримталдаг.
Цаашдаа худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг тогтвортой хөгжүүлж, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тууштай, итгэлтэй, найдвартай удаан хугацааны түнш байх зарчмыг баримталдаг. Хөрөнгө оруулалтыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэд бүтцээ өргөжүүлэх нөөц бололцоо байгаа талаар ярилцсанаа хэлэхийг хүсэж байна. Манай улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгаа төгөлдөржүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлж, ногоон хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч ажиллаж байна. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодит өсөлт харьцангуй тогтворжсон. Эдийн засгийн бодит өсөлт 6,8 хувьтай гарсан. Энэ жилийн хувьд ч энэхүү өсөлтөө хадгална. Манай улс эдийн засгийн өсөлтөөр топ аравт орж байгаа. Тиймдээ ч бизнес эрхлэх том боломж, таатай орчин байна гэдгийг хэлэхийг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтрахыг хүсэж байна. Учир нь, Финланд, Монгол цаг уурын хувьд ижил төстэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноос ноолуур, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулан, дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг хангадаг. Маш чанартай гайхамшигтай ноолуур байдаг. Финланд цаг уурын хувьд манайтай ижил төстэй учраас та бүхэнд ноолууран хувцас маш их хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас манайтай хамтарч болно. Сайхан боломж, нөхцөл шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд өнөөдөр олон салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулан инженер техникийн, ойн чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Оюутнуудыг сургаж мэргэшүүлэх нь эргээд хамтын харилцаанд амьд гүүр болно гэж үзэж байгаа. Энэ их чухал.
Финляндын дэвшилтэт технологи, инновац чухал байна. Үүнд хамтарч ажиллахыг мөн хүсэж байна. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгуурт бодлогод онцгой анхаарч, гуравдахь хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг чухалчилж байна. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Нэн ялангуяа манай гуравдахь хөрш Европын холбоотой тогтоосон сайхан найрсаг харилцаа тэр дотроо Финланд улстай тогтоосон найрсаг харилцаа, бизнесийн худалдаа эдийн засгийн чиглэлд улам өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний том зорилт гэж бодож байна. НҮБ-ын болон олон улсын байгууллагын төвшинд хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, энхтайванг эрхэмлэсэн бодлогоо харилцан хамтран хэрэгжүүлэхэд Төрийн тэргүүнтэй санал нэгдсэн. Энхтайванч бодлогоор харилцан бие биеэ дэмжиж ажиллана гэдэгт Ерөнхийлөгчид санал нэгдсэн. Эцэст нь Монгол, Финландын бизнес форум хамтран зохион байгуулж байгаа МҮХАҮТ, Финландын худалдааны танхим болон форумд хүрэлцэн ирсэн хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өнөөдрийн уулзалт яриа хэлэлцээрээс эхэлсэн санал санаачилга, түншлэл ажил хэрэг болон өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөл өргөе.




