
ЭМЯ, Боловсролын Яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбар хамтран зорилтот насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох, хүүхэд, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна.




