УИХ-ын чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "50 мянган $ машин байр худалдаж аваад Монголд байнгын оршин суух эрх авч байна. Ингэж болохгүй. Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш. Хөрөнгө оруулалтыг үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээ, байхгүй байгаа технологи дээрээ авдаг. Тэрнээс биш бүх салбарт авч ажлын байраа булаалгаж болохгүй. Стратегийн гол бүтээгдэхүүнүүд дээр гадаадын хөрөнгө оруулалт татна гэдэг ойлголт гадаадад байдаггүй. Манайд татварын хувьд хангалттай таатай нөхцөлтэй.
Ганц л гай бий. Тэр нь янз бүрийн хүчтэй байгууллагатай хамтарч байгаад гадаадуудыг дээрэмддэг. Гадаадныхныг дээрэмддэг үйлдлээ л зогсоо. Тэрнээс биш Монгол гадныхныг 1 сая төгрөг төлүүлээд оруулдаг хогийн сав биш" гэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Мушгигдсан байдлаар ярьж байна. Гадаадуудын хөрөнгө оруулалт, виз авах заалтуудыг оролдоогүй хэвээрээ байгаа. Бүх юмаа хаагаад бүгдийг өөрсдөө хийнэ гэвэл хөгжил удаан байх байх. Бизнес эрхлэгчдийг төрөөс зааж өгөхийг оролдож яах юм. Бид ямар нийгэмд амьдарч байгаа юм" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Мушгиж ярьсан зүйл байхгүй. Хуучин байсан 100 мянган $ байхгүй. Нэг сая $ хамтарсан компани байгуулбал байнгын оршин суух виз авна. 20 сая төгрөгөөр нэг хуучин байшин авчихад байнгын оршин суух виз авна. Хуул нь дээрээ ийм байна. Тэгвэл энийгээ аваад хаячих, Монголд чөлөөтэй амьдардаг гадныхан байж болохгүй. Хөрөнгө оруулалтыг нь хатуу заагаад, замбараагүй байж болохгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Бизнес эрхлэгчид өөрсдөө мэдэг. Бид нар ямар коммунист нийгэмд амьдарч байгаа юу. Яваад ирсэн зам чинь болохгүй байна гэж үзэж байна. 100 мянган $ оруулж ирж компани байгуулна гэдэг зөвхөн том компаниудад үйлчилнэ. Гадаадаад мөнгө оруулж ирэхэд мөнгө угаах, авлигал зэрэг олон зүйлүүдийг шалгаж нягталдаг учраас зүгээр компани руу мөнгө шилжүүлж болдоггүй. Монголчууд 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд мөнгө угаахаар шалгагддаг.
Бүх юмаа хаасан Хойд Солонгос, Куба аа хар. Бизнесийн эрх чөлөөг нь хаагаад энэ улс хөгжихгүй" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Бизнесийг хааж байгаа хэрэг биш. Гадаадын цагаачыг хааж байна. Гуравхан сая хүн амтай дороо уусаад алга болно. Бидэнд үнэ цэнэтэй нэг зүйл бий тэр нь тусгаар тогтнол. Бид нар гадныхныг цувуулаад байвал чөлөөт санал өгдөг системтэй манай улсад тэд нар олонхи болно" гэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Би гадаад иргэний тухай хууль яриагүй. Гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ярьж байна. Энэ коммунист сэтгэлгээнээсээ сал".




