
NBA-ийн найман удаагийн бүх од, аварга Dwight Howard Монголын дээд лигт үргэлжлүүлэн тоглохгүй нь тодорхой боллоо.
Тэрбээр Монголд зочлон ирж, “SG Apes” багийн өмсгөлтэй талбайд гарсан нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татсан. Үүний дараа Howard “SG Apes” багийн бүрэлдэхүүнд нэгдэж, Монголын дээд лигт тоглох эсэх нь олны сонирхлыг төрүүлээд байсан юм.
Өчигдөр буюу энэ сарын 10-нд Dwight Howard Гүржийн “Black Fortress Tbilisi” багтай албан ёсоор гэрээ байгуулснаа олон нийтэд мэдээлжээ.
Ингэснээр ирэх аравдугаар сараас Гүржийн нийслэл Тбилиси хотод болох тоглолтуудад тус багийн бүрэлдэхүүнд тоглох юм байна.
“Black Fortress Tbilisi” нь Гүржийн дээд лигт анхны улирлаа тоглохоор бэлтгэж буй шинэ баг бөгөөд NBA-ийн туршлагатай од тоглогчийг эгнээндээ нэгтгэсэн нь багийн хувьд томоохон онцлох үйл явдал болж байна.




