ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон Улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирээд байна. Урын сан болон түүхэн байр сууриараа дэлхийн шилдэг таван театрын нэгд зүй ёсоор тооцогддог, Оросын театрын ертөнцөд тэргүүлэгч байр суурьтай, “Александринский театр”-т Монголын төрт ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжиг есдүгээр сарын 4,5-ны өдөр тоглоох бөгөөд тасалбар нь аль хэдийнэ зарж дуусчээ. Оросын Үндэсний Драмын театр буюу Александрийский театраас 17 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү фестивалийн нээлтийн жүжгээр УДЭТ-ийн бүтээл, Ц.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг албан ёсоор сонгогдсон юм. "Александринский" олон улсын театрын фестивалийг 2006 онд анх зохион байгуулсан бөгөөд уламжлалт болон орчин үеийн театрын урлагийн хөгжлийг дэмжих, олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлогч фестивалиудын нэг билээ. Наймдугаар сарын 30-наас аравдугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх уг фестиваль нь Александрийнскийн театрын түүхт 270 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.