НИЙТЛЭЛОнцлох

Н.Номтойбаярын санаачлаад байгаа гарын үсгийг даруй түргэн бүрдүүлээч ээ, УИХ-ын ариун гишүүд ээ!

Хуваалцах:
Н.Номтойбаярын санаачлаад байгаа гарын үсгийг даруй түргэн бүрдүүлээч ээ, УИХ-ын ариун гишүүд ээ!
0:00 / 0:00

Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр хоёр онь холбоод “буудаж” байх юм. Тэр нь “Бодь”-ийн офтейк гэрээний асуудал. Л.Оюун-Эрдэнийн ярьсаар байгаа, байнга ярьж байгаа. 110 сая долларыг “Бодь”-оос гаргаж саун, зочид буудал зэрэг газруудад улс төрчдөд тараан өгсөн гээд тэр хэлээд байгаа. Тэрхүү хэл амтай гэрээг шалгаж нэг мөр болгомоор байна гэж Н.Номтойбаяр хэлээд байна. Тиймийн тул эрх бүхий хороо, ажлын хэсэг байгуулахын тулд 32 гарын үсэг хэрэгтэй гэж байна. Өөрийн нь Үндэсний эвслийн дөрвөн гишүүний гарын үсэг бэлэн гэж байна.

УИХ-ын шударга гишүүд даруй нэгдэж, гал ус руу орохоос үл буцах Н.Номтойбаяраар энэ асуудлыг шалгаж мухарлуулмаар байгаа нь гарцаагүй Монголын эрх ашиг. Монголоор дүүрэн хулгай яригдавч асуудлын уг учрыг ер олохгүй байгаа нь үнэн. Ард иргэд ч бүр цөхөрч гүйцлээ. Дээдсийн энэ их хулгай луйврыг яана даа гэхээс өөр үггүй болсон. Туулын хурдны замын асуудал, З.Энхболд, Б.Энх-Амгалангийн хэрэг гээд маш түргэн, галзуу хулгана хэмээх тоглоом дээр суусан мэт түргэн шийдэж байгаа хэрэг явдлууд байна. Үүн шиг миний хэлээд байгаа тэр том дүнтэй авлигын асуудлыг АТГ түргэн шалгаач ээ гээд байгаа Л.Оюун-Эрдэнийг буруу ярьлаа гэх иргэн Монголд байхгүй байх.

Л.Оюун-Эрдэнэ өчигдрийн ярианд тэр жилийн нүүрсний хулгайд холбогдон нэрлэгдэж байсан 17 хүний тухай хөндөгдөж эхэллээ. Р.Сэддорж гишүүн одоо УИХ-д байж л байна гэж Л.Оюун-Эрдэнэ хэлнэ билээ. Р.Сэддоржоос гадна Н.Наранбаатар бас байгаа. Нүүрстэй нутгийн гишүүд. Сая хоёулаа гишүүнийг эгүүлэн татна гэдэг, том агуулгаараа парламентын дархлаанаас ухарч байгаа хуулийг эдгээр хоёр “аварга” дэмжиж л сууна билээ. Өөрсдийнхөө хэтийг боддоггүй юм гэхэд парламентын эрх ашгийн эсрэг байгаагаа тэгж илэрхийлж харагдсан. Н.Наранбаатар нь бүрэн эрхээ түдгэлзүүлэх дээрээ хүрээд парламент авч үлдэж байсан нөхөр. Ер нь гишүүн байхаа больё л гэсэн шиг үйлдлийг үзүүлээд байгаа хүн.

Анх нүүрсний 44 их наядын хулгай гэдэг том асуудал босож, ХҮН намын дарга, эдүгээ Шадар сайд Тогмидын Доржханд маш тодорхой ярьж байв. Ийм хэмжээний хулгай явагджээ гэж 44 их наядыг авторласан хүн нь тэр өөрөө. АТГ Ц.Сэргэлэн,  Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд тэргүүтэй 17 хүнийг зарлаж асан тэр үед эдгээр хүмүүс ээлж дараалан мөнөөх өөрсдийг нь зарласан байгууллагаас уг хэрэгт хамааралгүй гэж бичиг аваад л зарлацгаагаад байсан. Б.Ганхуягийг таних ч үгүй гэлцээд л. Б.Ганхуягтаа биш юм шиг байгаа юм аа. Офтейктэй л холбоотой маягийн чиглүүлгийг Л.Оюун-Эрдэнэ хэлээд байгаа байна.

Тиймээс л Н.Номтойбаяр “Учрыг нь ололгүй болшгүй нь. Ажил урагш явахаа байлаа” гээд байх шиг байна. Н.Номтойбаяр өөрөө Засгийн тэргүүний орлогч. Ажил явахгүй байна гээд байгаа чинь үг шүү. Үнэхээр одоо З.Дашдаваа даргатай АТГ Л.Оюун-Эрдэнийг асуудлыг ч, түүний хэлсэн “Бодь”-ийн хахуулын асуудлыг ч, Туулын хурдны замын асуудлыг ч бүгдийг нь онь холбон шалгаад нийгэмд мэдээлмээр байна. УИХ-ын дарга С.Бямбацогт ч спикер асан Г.Занданшатар шиг шуурхайгаар Ажлын хэсэг гаргаад, асуудлыг сонсдог, сонсгол, түр хорооны чигийг ч, зохион байгуулалтыг ч нэн түргэн гаргамаар байна даа. Н.Номтойбаяр ч өөрөө түүн дээр ороод асуудлыг шуурхайлая гээд шалах хэрэгтэй. Таван зуун тэрбумыг гаргачихсан Туулын хурдны замын асуудлыг шалгаж байгаа шиг таван зуун тэрбумын “Бодь”-ийн авлигын асуудлыг шалгаж УИХ-ын гишүүд, гишүүн аснуудын ариун нэр төрийг сэргээж, цээрлүүлж, ялгаа заагийг нэн даруй тогтооё, З.Дашдаваа дарга аа, С.Бямбацогт дарга аа, Н.Номтойбаяр Шадар аа!

 

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх