НИЙТЛЭЛОнцлох

Төрөө цэвэрлэх Н.Учралын чөлөөлөлтөд Д.Амарбаясгалан “хамжих” хэрэгтэй

Хуваалцах:
Төрөө цэвэрлэх Н.Учралын чөлөөлөлтөд Д.Амарбаясгалан “хамжих” хэрэгтэй
0:00 / 0:00

Нэгэнт болоод өнгөрчихсөн юмыг эргүүлж авчирах боломжгүй. Бууны сумыг буцааж болдоггүй гэдэг шиг. Д.Амарбаясгалан зүгээр л УИХ-ын даргаа хийж байх ёстой байсан юм. Л.Оюун-Эрдэнэ л түүнийг түллээ гэлцэж байна. Одоо энэ бүхнийг ярих нь илүүц ээ. Нэгэнт “буудагдсан” сум, өнгөрсөн үйл явц. Д.Амарбаясгаланг мундаг тактикч, стратегич гэж үнэлэн, түүгээр нь цоллож нийгэмд буй болгосон голлох хүмүүс бол МАН-ынхан өөрсдөө. Д.Амарбаясгалан ч түүнийгээ зохих утгаар нотолсон, сонгуулиудад намаа ялуулсан нь үнэн. Тийм ч учраас МАН-ын даргын сунгаанд эрс хөдлөхдөө хэрэв дарга болж чадахгүй бол өнөөдрийн үйл явц болохыг харж л байсан байх талтай. Түүнийг намаас чөлөөлөх болно гэдгийг МАН-ын дарга Н.Учрал хэлж байна. Зүй ёсны юм.

Д.Амарбаясгалан Н.Учралын оронд байсан бол мөн л ингэж хэлэх нь зүй тогтол. Н.Учрал дарга авлига Ардын намыг идэж байна гэсэнд зохих залруулга хэрэгтэй.

Тэр бол Ардын намын авлигачид Монголыг идэж байгаа гэдгээрээ илүү үнэнээр тайлбарлагдана. Н.Учрал дарга Монголыг, намаа авлигаас чөлөөлье гэж байгаа. Өөр арга байхгүй шүү дээ. Арван жил засагласан Ардын намын авлигын асуудал Монголын чөмгийг дундалж байгаад монгол хүн бүр итгэлтэй байгаа. Бүлгийн дарга явсан Д.Тогтохсүрэн саяхан түр суллагдсан, УИХ-ын дэд дарга явсан Т.Аюурсайхан суллагдаж байна, хууль хяналтын хараа бараа нь дуусаагүй Засгийн хэрэг эрхлэхийн дарга явсан Ж.Мөнхбат хулмаганаад ирж байна.

Энэ бүхэн бол Ардын намд авлига гэдэг зүйл ад мөрийн цэцэглэж, энд хүрсэн, улмаар үргэлжилсээр байгаагийн тод илэрхийлэл юм. Д.Амарбаясгаланд ч энэ сүүдэр туссан. Бид нэгэнт намын бүтцээр дамжуулж, сонгуулийн ардчиллаар төрөө барина. Ийм жаягтай. Өмхий муухай гээд ялгадас гадагшлуулах хэсгээ тайрч хаяж болдоггүй шиг, өмхий авлигажсан хэсгээ илааршуулахаас аргагүй. Энэ үүднээсээ Н.Учрал даргын хэлээд байгаа, зориод байгаа түмэн зөв. Залуу даргад ихээхэн чухал сорилтууд ирж байна.  Өөрөө ч эхлүүлж байна. Ардын намын авлигын асуудлыг засахгүйгээр улс урагшаа алхахгүй. Түүний тулд л Д.Амарбаясгалан нараа чөлөөлж, асуудлаа шүүхээр дэнслүүл гээд хэлж байна. Зэрэгцүүлээд Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилж байгаагаа зарлалаа. Санаачилж гэж байгаа юм. Санаачлал нь харин өгүүлэн байгаа асуудлын нь хүрээнд нэн оночтой байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй шиг байна. Түүнээс хууль санаачлах эрх нь мэдээж байгаа. Яаралтай горимоор гэж байгаа юм билээ.

Яаралтай нь ч харин юу билээ, илүү нухацтай ярих хэрэгтэй гэж оюун санаатай, илүү хараатай зарим бүсгүй гишүүн хэлж харагдах шиг боллоо. Тэр үнээн. Үүнийг их нухацтай шийдэх асуудал. Парламент бол Монголын амин гол эрх ашиг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч үүний төлөө хөдөлбөргүй байна гэдгээ удаа дараа нотолдог. Парламентэд тааруу гишүүн, үнэхээр ард түмнээ сонгосноор нь басамжлан доромжлогч хүмүүс бий нь бий, авлигачид нь ч цөөнгүй байна. Гэхдээ парламент бол Монголын ард түмний бүтээл. Тэдний бий болгосон засаглал, ардчилал. Тиймээс энэ засаглалыг бий болгогч ард түмний шийдэл, эргэцүүлэл, санаа оноо УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэхэд онц байр эзлэх ёстой. Хэлэлцүүлэг, санал асуулгын зохицуулалтууд ч байгаа.

Ер нь, энэ хавар амаргүй улс төртэй хавар байх нь. Б.Энхбаяр сайд хэлээд л байгаа. Галтай хавар болно гээд. Яг үнэндээ бол Монголын улс төр Монголын сайн сайхны төлөө “галтай” байх ёстой юмсан. Гэтэл нэгнээ намнахын төлөөх “дулдуй улс төрийн галаар аргацаасан” он цагууд байсаар ирлээ шүү дээ. Тиймээс л авлигаа гааруулсаар, нийлж авлигажаагүйгээ нэг торны ангархайгаар гоожуулж намнасан нэртэй явж ирсэн учир Монгол улс өөдлөхгүй байгаад байна. Авлигыг гэтлэхгүй байна. Эрх баригч намын дарга өнөөдөр авлига Ардын намыг идэж байна гээд хэлээд зогсож байна. Ард түмэн болохоор Ардын нам Монголыг идэж байна гэж байгаа юм. Төрөө цэвэрлэх нь Н.Учрал даргын үүрэг ээ. Төрөө цэвэрлэх Н.Учралын чөлөөлөлтөд Д.Амарбаясгалан “хамжих” хэрэгтэй. Гишүүнээсээ татагдаад ч уу, бүр эрх чөлөөгөө хасуулсан ч уу. Үг хэл нь байж л байхаас хойш. Ардын намын авлига ганцхан Д.Амарбаясгаланд бус, системд нь бугшиж байгааг  хэлэх хэрэгтэй. Албан тушаалаар яаж авлигыг цэцэглүүлдгийг хэлэх хэрэгтэй. Ардын нам яагаад авлигыг арчиж чадалгүй ирсэн юм бэ гэдгийг Д.Амарбаясгалан л хэлж чадна. Яагаад гэвэл тэр Ардын намыг арван жил засаглаж, арван жил ялуулж энд ирсэн хүн. Ардын нам үнэхээр авлигаас салъя гэсэнсэн бол Ерөнхийлөгчтэйгээ, УИХ-ын даргатайгаа, Ерөнхий сайдтайгаа засаглаж ирлээв биш үү.  Д.Амарбаясгалан Н.Учрал хоёр энэ л учрыг мэдэхийн үүднээс, арга сэдлээр Ардын намыг анагаахад хамжаасай гэж хэлж байна. Тэгвэл Д.Амарбаягаланд шинэ ачтай эргэлт болно. Н.Учралд алдахгүйн сэрэмж дархлаажина. Монголд язгуурын чухал ачлалтай явдал болно.

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх