НИЙТЛЭЛОнцлох

Монголын эрх ашгийг хүүхнүүд нь өргөж яваа гэвэл үнэнд илүү дөхөх билээ

Хуваалцах:
Монголын эрх ашгийг хүүхнүүд нь  өргөж яваа гэвэл үнэнд илүү дөхөх билээ
0:00 / 0:00

     Нийгэмд нэгэнт гарсан дэвшлийг ухрааж ер болохгүй юм. Парламентад эмэгтэй гишүүд овоо хэд болж, энэ хэрээр шийдвэр гаргах, хууль тогтооход оюун санааны бодит ахицууд бий болсныг огт үгүйсгэж болохгүй юм. Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө эрмэлзэж, УИХ-д нэг хүйсийн 30-аас доошгүй хувийг нэр дэвшүүлэх, 2028 онд 40 хувь гэж хуульчилсан нь Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Д.Амарбаясгалан нарын манлайлал байсныг үргэлж хэлж, энэ шийдвэрийн дархлааг хангаж байх нь шударга ёсонд нийцнэ. Энэ бол манай улсын хууль тогтоох байгууллагын үнэмлэхүй дээд дэвшил, үгүйсгэшгүй дархлаа болсон билээ. Гэтэл эдүгээ энэ дэвшлийн эсрэг үг яриа гарах болсон нь харамсалтай. Харамсалтайгаар үл барам ийм үг яриаг гарсанд дор нь няцаан таслаж байх ёстой юм. Тийм ч учраас М.Мандхай гишүүн нэгэнт баталсан хуулиар хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд баримтлах агуулгын эсрэг ямарваа хандлага гарсны эсрэг нэгдэн тэмцэх хэрэгтэй гэж байгаа нь яах аргагүй дэмжин сайшаах ёстой байр суурь юм.

М.Мандхай тэргүүлэн энэ эрх ашгийн төлөө нийт эмэгтэй гишүүд нэгдэн тэмцэж эрмэлзэх нь туйлын зөв бөгөөд гарцаагүй зорилт байх ёстой. Өнөөдөр УИХ-д суугаа 32 гишүүнийг элдэв өнгөөр л харж байх шиг байна. Ядахад зарим нэг нь хэнд болов өөлөгдөхөөр ёс зүйтэй байгааг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ ганц нэгхэн хүний ёрвоо байдлаар нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж болохгүй. Тэр тусмаа УИХ-аар батлан дэвшитгэсэн дархлааг ухраах ямарваа хандлагыг ер гаргаж болохгүй юм. Үүнийг бараан зүстэй, бараан бодолтой аль нэг эрчүүд төдийгүй улс төрийн аль нэг нам гаргавал, бодлого зорилт болговол тэр нам, улс төрийн хүчин үндэстний эсрэг үзэл агуулга ханхлуулж байгаагаас өөрцгүй юм. Өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө тоо бодож, ухралт хийхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Эдүгээ УИХ-д суугаа  эмэгтэй гишүүдээ илүү олон болгох, илүү чансаалаг болгохын төлөөх эрмэлзэл л манай нийтлэг зорилт, тэргүүн эрх ашиг байх ёстой юм. Жагсаалтаар сонгогдсон эмэгтэйчүүд гээд нэг жадлал байх.

Яг үнэндээ жагсаалтаар сонгогдсон эмэгтэй гишүүд чинь хамгийн бодьтой ажил хэрэгч, хамгийн барьцаалалгүй ажиллаж чадаж байгаа, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны илэрхийлэл болж байгааг нь зөв үнэлэн харах хэрэгтэй. Кнопчид гэнэ, хэрэг дээрээ МАН, тэдний дотор бий болсон улс төрийн сөргөлдөөн л ийм үг яриаг бий болгож байгаа болохоос биш, үнэндээ хэн нэг даргад, хэсэг бүлгэд хадаг бариагүй, эрүүл саруулаар УИХ-д хууль тогтооход суусан бүсгүйчүүдийг элдэв өөн нүдээр харах нь хуруугаа нүдэндээ хийхийн үлгэр болно.

УИХ-д харин ч одоо байгаа 32 ч биш бүр илүү 42,52 цаашлаад 62 бүсгүй сууж байж Монголын нийгмийн эрүүлжил илүү бодьтой явагдах ёстой. Авлигын асуудлаар байсхийгээд л хүмүүс баригдаад байгааг нийгэм харж байгаа. Энд эмэгтэй хүн нэг их харагдахгүй байгаа биз. Язгуураараа шударга ёсны  хандлагатай нь тэгж мэдэгдээд л байгаа юм. Олон улсын судалгаагаар ч батлагдсан байдаг даа. Б.Батцэцэг гэж сайдыг ихээхэн шүүмжилж байгаа нь илүү сайн ажилласнаас нь л үүдэлтэй байх шиг байдаг. Гадаад харилцааны олон талт солонгорол, дэвшилт өнцгүүдийг энэ эмэгтэйгээс ангид үзэх боломжгүй. О.Номинчимэг гишүүн гэхэд тамхины хяналтын хууль гээд л зүтгээд байгаа нь эрүүлээр харахад яалт ч үгүй л дэмжмээр байдаг. Нийгмийнхээ, үндэстнийхээ сайн сайхны төлөө элдэв гүжирдлэгийг сөрөөд ийм хуулийг гардаад, зүтгээд явна аа гэдэг чинь яг үнэндээ баргийн эр гишүүн чадах ажил биш. Чухам ийм, иймийн учир хүүхнүүдээ, эмэгтэй гишүүдээ илүүтэй дэмжин, үндэстний амин эрх ашгийн төлөө тэдний зүтгэл, хөдөлмөрийг эрх ашгаа болгон, хүрээлэл, түгээллийг нь илүү дэлхэн харах нь түгээмэл эрх ашигт ононо. Яг үнэндээ Монголын эрх ашгийг хүүхнүүд нь  өргөж яваа гэвэл үнэнд илүү дөхөх билээ.

 

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх