
Манай улсын дээд том хүн уурын газар орсон юм байна. Гэтэл гэрэл унтарчээ. Цахилгаан гэнэт тасарснаас үүдээд янз янзын зураг төрх нийслэлээр дүүрэн байна. Засварын газарт өргөж байсан машин цахилгаан паг болонгуут өргөгдсөн чигтээ “хөшчихөж” байгаа, түүн шиг дээд эрхтэн том дарга маань уурын газарт хэсэг гацаад бухимдан гарч одсон явдал “Энканто”-д болсоныг хотоороо шахуу мэдэж. Муу үг модон улаатай гэдэг нь энэ л дээ. Нэг талдаа том дарга маань хотод тог цахилгаан тасраад , иргэд яашжуу амь зууцгааж байгааг арьсандаа мэдэрлээ. Энэ нь өөрөө сайн зүйл боллоо гэлцэн өвөр зуураа түмэн олон ярьж байдаг шүү. Ингээд өчигдөр Ерөнхийлөгч маань Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг дууджээ.
Энэ тухай, уулзах тухай мэдээ гаруут л олон нийт “Ээ дээ, Ерөнхийлөгч минь Чойжоог үтэр ажлыг нь өгүүл” гэлцэн шаагицгаалаа. Зэрэгцүүлээд, нилээд дээр үеийн ширээ тогшин эрхтнүүдийг загнасан бичлэгийг нь сэвж үзүүллээ. Эрчим хүчгүйдээд аргаа барсан ард түмний л явдал шүү дээ. Нэгдүгээр хүн дээр ороод гарч ирсэн Б.Чойжилсүрэнг хэвлэлүүд угтан бүчив. Чойжоо яахав, хэлдгээ л хэлж байна. Хязгаарлалт хийхгүй бол нэлэнхүйдээ тоггүй болох нь байна гэдгээ л хэлж байна. Тантай хариуцлага ярих нь уу гэсэн сэтгүүлчийн асуултад, “Надад хариуцлага тооцох уу гэж Ерөнхийлөгчөөс би асуусангүй” гээд адрахаа мартахгүй л байна.
Ерөнхийлөгч маань үнэн байдлыг мэдсэнээс хойш элдэв пи арын зорилгоос ухрав бололтой, одоо ч тэгээд загнаад загнаад манай эрчим хүчний салбар урагш алхахад хүнд байна. Урагш алхаж байгаа нь, эвдэрсэнээ засах, тогны хязгаарлалт хийх хоёрт л захирагдаж байх шив. Хамгийн эрэлттэй мэдээ, эдүгээ тогны хязгааралталтыг хэрхэн хийх хуваарь болж. Үүнээс бидний амьдралын ая тух, багцаа бэлхэнээ үзэгдэж байна. Бодит байдалтай эвлэрч, ажил амьдралаа зохицуулахаас аргагүй боллоо. Өдгөө ТЭЦ-IY-ийн найман зуух ажиллаж байгаа аж. Гэвч одоо хүртээн буй ачааллаар удбал нэг зууханд доголдол үүсэх эрсдэлтэй байгаа юм байна. Энэ эрсдлээс сэргийлж, муу дээрээ муухай болж болохгүйн тул уг зуухыг зогсоож, хөргөөгөөд засвар үйлчилгээг эхлүүлсэн аж. Энэ засвар нь хоёр хоногийн ажил. Эл хугацаанд бусад ,бусад эх үүсвэрүүд төгс хүчин чадлаараа ажиллабал тог хязгаарлахгүй байх талтай. Гэхдээ л зохих эрсдэл буй тул хязгаарлалт хийх нь ойлгомжтойг нийслэлчүүд бэлхэнээ ойлгох хэрэгтэй юм. Үнэн нөхцөл байдал ийм л байна. Б.Чойжилсүрэн сайд станц барих мөнгө үгүй л гэж зогсоно билээ. Угаасаа Монголын сайдууд ингээд л бээвийцгээх мөртлөө засаг уламжлан сайдаа хийсээр.
Гэтэл, сэтгүүлч Г.Лхагвадорж, мөнгө байна аа, сүүлийн арван жилд гарсан топ-10 хулгайн 126 их наяд мөнгөөр 283 станц барих боломжтой байжээ гэдэг тооцоог хийгээд нийгэм даяар мэдээлэн цацаж байна. Сүүлийн арван жилд хэн засагласан билээ, МАН, МАН л шүү дээ. Ард түмэн үүнийг одоо юу гэж үзэх бол. Засагласны гавьяа гэж үзэх үү, ачлал хайр гэж үзэх үү. МАН , түүний дарга, засаглагчид энэ асуултыг өөрсдөдөө тавьж хариулт өгөх хэрэгтэй. Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний хулгайч нартай хатуу хариуцлага тооц. Хулгайгүй бол ядуу ч гэсэн ард түмэн бухимдахгүй. Хулгайнаас болоод эрчим хүчгүй , цахилгаан хязгаарлуулаад сууж байна гэдэг эмгэнэл цаашаа юм. Хэдхэн хоноод Цагаан сар болох нь. Ачаалал их нэмэгдэнэ. Лаатай шинэлэх нь үү дээ. Одоо Ерөнхий сайд Г.Занданшатар хагархай тогоо гагнах, цоорсон турбин нөхөхөөсөө илүүтэй Бөөрөлжүүтийн станцийн гурав дахь турбиныг даруй ашиглалтад оруулах, Эрдэнэбүрэнг шавдуулах, хамгийн наана Б.Чойжилсүрэн сайдынхаа Баян дахь станцийг нэн даруй ашиглалтад оруулмаар байна аа. Ерөөсөө Ерөнхийлөгчөөсөө эхлээд ард түмнээрээ мөнгө цаасаа гаргаж дэмжээд Б.Чойжилсүрэн сайдынхаа станцийг ашиглалтад оруулая. Тэгээд цахилгааны хязгаарлалтаас гарая.
З.САЙНТӨГӨЛДӨР




