
Төрийн соёрхолт уран зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай болжээ. Хэдий хожуу шатанд нь оношилсон ч даван туулах урам хайрлахыг ард түмнээсээ хүссэн байна.
Тэрбээр "Гүрээ нь нэг л өдөр элэгний хорт хавдар гэсэн хатуу онош сонсоод яах учраа олохгүй байсаар сарын хугацааг ардаа үдлээ.
Элэг чинь мэдэгдэхгүй байж байгаад хожуу шатандаа орчихдог юм байна. Ямартай ч охин, хүргэн, ач зээгээ бараадаад сайхан эдгэнэ гэсэн итгэлтэйгээр Герман Улсын Франкфурт хотын эмнэлэгт эмчилгээгээ эхлүүллээ.
“Ааваа айл бүрд л бараг хорт хавдартай хүн байгаа. Бүгд л чимээгүй давж байгаа. Та чимээгүй байсан дээр" гэж захиж байгаа ч аавдаа эрхэлсэн хүүхэд шиг ард түмэндээ дуулгамаар ерөөлийн үгийг нь сонсвол эдгэчих юм шиг санагдаад сэтгэл тогтож өгдөггүй.
Хүүхдүүд надаас юм нуугаад ч байх шиг, ядаж байхад хэл ойлгохгүй. Ямар ч байсан арай л оройтож мэдсэн бололтой.
Хамгийн түрүүнд миний оношийг түргэн шуурхай , дэлгэрэнгүй гаргаж үнэт зөвлөгөө өгсөн Ж.Чинбүрэн эмчдээ баярлалаа.
Би монголдоо элгээ эмчлүүлэх бүрэн боломж байсан ч өөр хавсарсан өвчний улмаас энд ирэх л арга байлаа.
Юуны түрүүнд Германд ирж эмчлүүлэх боломжийг олгосон охин хүргэн хоёртоо эцэг хүний хувьд баярлаад нулимс унагах юм.
Би охиныхоо үгээс зөрж хэдэн дотны найз, рок поп, зохиолын хэдэн дуучдадаа дуулгасан. Тэднийхээ сэтгэлд , дэм тусад баярлалаа.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон багийн найз Их Засаг Сургуулийн ректор, ардын багш Н.Ням-Осор, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, нутгийн зөвлөл, ах дүүс болон сайн нөхөддөө талархаад баршгүй.
Ойрын хүмүүстээ хэл өгсөн нь ч болж, би нутагтаа очихгүй бол яах юм гэх айдас эмчилгээ хийлгэх гээд энэ олон эм тариа залгах үед улам сууж байна.
Үр ач нар байгаа ч, хүний нутагт болохоор аав ээжээсээ холдсон хүүхэд шиг уйлмаар ч юм шиг болох ч нутгийн зүг залбирахад хол ойрын ялгаа юун.
Шинжлэх ухаан сайхан болсон, танд бүх арга хэмжээг авнаа гэсэн эмчийнхээ үгэнд самсаа шархирч, за тэгвэл зуны цэцгийн гурван сард эдгэж очоод наадмын талбайгаар соёолонгийнхоо тоосонд дарагдана аа гэсэн эерэг бодолтойгоор мишээж ирээд эмчлэгч эмчтэйгээ зургаа татуулсан.
“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг яасан үнэн үг вэ. Ээ дээ хүмүүс минь биеэ бодож яваарай!
Нутгийн минь лам хутагтууд, нутгийхан минь намайг сахиусандаа болгоогоорой. Олон түмэндээ муу санаж яваагүй болох байх аа" хэмээжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2025-02-03 15:37:06
Өндөр хөгжилтэй газар сайхан эмчлэгдээд наадмаа үзэхийг хүсэн ерөөе. Өөдрөг байгаарай.
999 2025-02-02 21:46:18
Дэлхийн өндөр хөгжилтэй энэ сайхан оронд эмчлүүлж байгаад нь талархал илэрхийлъе. Эх орон чинь сайран угтанаа.
Зочин 2025-02-02 21:00:31
Сайхан эмчлүүлээд эх орондоо ирж дааганы уралдаан тайлбарлаарай сайхан сэтгүүлч минь амжилт