СҮҮНИЙ ХОЛБОО: Үйлдвэрүүд малчдаас 1800 төгрөгөөр сүү худалдан авч борлуулдаг

hi

Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд иргэдийн худалдан авалт нэмэгддэг. Үүнийг дагаад зарим бараа бүтээгдэхүүн үнээ нэмсэн ч иргэдийн орлого бага хэвээр. Барааны үнэ огцом нэмэгддэгийн адил иргэдийн өдөр тутын хэрэглээ болсон сүү өртөгөө нэмжээ.

Тодруулбал, 4500 төгрөгөөр худалдаалж байсан 1 литрийн савлагаатай сүү нэг хоногийн дараа 5800 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр нэлээд шуугьсан.  Эцэст нь үнэ нэмэгдлээ гэсэн постыг нийтэлсэн иргэн залруулга гаргаж, "Тухайн ажилтан үнийг нь алдаатай шивсэн" гэж мэдээлсэн юм. Харин "Сүү ХК"-ний зүгээс бүтээгдэхүүний сав баглаа боодол, тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор бага зэрэг үнээ нэмсэн. Үйлдвэрээсээ 4050 төгрөгөөр гарч байгаа" гэлээ. 

Энэ сарын 6-ны байдлаар Улаанбаатар хотод сүүний үнэ 11.9 хувь, орон нутагт 2.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. 

Зах худалдааны төвүүдэд сүү ямар үнэтэй байгаа талаар сурвалжиллаа.

Баянзүрх захад хөл хөдөлгөөн бага байсан бөгөөд тор дүүрэн жимс, ногоо, цагаан идээ цуглуулсан иргэд цөөнгүй харагдлаа.

Харин сүүний тасагт шингэн сүү 3600, савлагаатай сүү 4500- 4800 төгрөгийн ханштай байна. Харин мини сүлжээ дэлгүүрт 4250-5250 төгрөг байв. 

Худалдагчид өнөөдөр иргэд сүү ихээр авч байна. Манайх гацууртаас сүүгээ худалдаж авдаг гэсэн юм.

Монголын уламжлалт сар шинийн баяр дөхсөн ч цагаан идээний тасагт худалдан авалт бага байгаа талаар худалдагч нар хэлж байлаа. 

Малчид, фермерүүдийн нэг үнээ л гэхэд өдөрт 20 литрийн сүүний гарцтай. Үүнийгээ 1400-1800 төгрөгөөр үйлдвэрүүдэд худалддаг. Харин хаврын улиралд  14 хоног тутам 100 төгрөгөөр буулгаж, зун нь 900 төгрөг болдог. Үйлдвэрээс холдох тусам үнэ хямдарч 600 төгрөгөөр зардаг талаар Сүүний холбооны тэргүүн Г.Ганхуяг дараах тайлбарыг өглөө.  

Тэрбээр "Монгол орон сэрүүний улиралд сүүний хомсдолд ордог. Үүнийгээ импортын хуурай сүүгээр нөхдөг. Импортын хуурай сүү сүүлийн жилүүдэд баталгаагүй болсон. Янз бүрийн бактери илэрлээ зэрэг асуудал гарч байгаа. Дотоодын шингэн сүүгээр хэрэгцээгээ хангая гэхээр үнээ нь бага сүү гаргадаг. Зардал их, өндөр өртөгтэй сүү үйлдвэрлэдэг учир улсаас 1 литр тутам 500 төгрөгийн урамшуулал авдаг болсон. Энэ нь малчдад маш их дэмжлэг болсон. Урамшуулалд харагдсанаар сэрүүний улирлын сүү 30 хувь нэмэгдсэн. Нийт фермерүүд, малчин сүүгээ урамшуулалд хамрагдах эрх бүхий 12 үйлдвэрт өгдөг. Бусад үйлдвэрт нь борлуулахаар урамшууллаа авч чаддаггүй. Тэгэхээр энэ үйлдвэрүүд чинь монопол болчхоод байгаа юм. Үйлдвэрүүд нь үнэ тогтоодог. Фермерүүдтэй зөвлөдөггүй. Энэ болгонд фермерүүд дуу хоолойгоо хүргэж чадахгүй хямдхан өгөөд явуулна. Малчид, фермерүүдээс 1400-1800 төгрөгөөр сүү худалдан авдаг. Энэ нь жилийн хамгийн их дүн.

Нөгөөтэйгүүр 1 боодол өвс, ногоон тэжээл  18 мянга байна. Гэтэл энэ 1600 төгрөг нь 1 боодол өвс 8000 байсан үеийн л үнэ шүү дээ. Түүхий эдийн үнэ нэг дахин өсөж байхад сүүний үнэ өсдөггүй. Гэтэл бидний бэлтгэсэн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани биднээс авсан үнээ дөрөв нугалаад л зарж байна.

Бид бүтээгдэхүүний өртөгөө бууруулахын тулд ажилладаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдээ шулах биш өвс, тэжээлийнхээ үнийг буулгах, импортын хивгээ зогсоох, ногоон тэжээл тариалахад улсаас дэмжлэг үзүүлэх, тариалангийн талбайнуудыг чөлөөлөхөд улс дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг түлхүү ярьдаг. Учир нь бид үнээ нэмье гэж орилоод ирэхээр хэрэглэгчид өөрсдөө хүнд байдалд орно. Бид аль болох өртгөө бууруулъя гэдэг. Жишээлбэл, Боловсруулах үйлдвэрүүд үнээ нэмээд эхлэхээр фермерүүд сүүгээ 3000 төгрөгөөр зарах санал гаргаж эхэлж байгаа. Зундаа бэлчээрийн аж ахуй нь, өвөлдөө монопол үйлдвэрүүд нь дарамтлаад үнэ бууруулдаг. Энэ талаарх ШӨХТГ-т хандсан албан бичгүүдээ хоёр гурван жил өглөө" хэмээн ярилаа. 

Малчид малаа сайн бордох хэрэгтэй.  Бордохын хэрээр ашиг олдог. Гэтэл өвс, тэжээлийн үнэ 17-18 мянган төгрөгийн ханштай байна. Малчдын малаа өсгөх, чанаржуулах ганц бордооны үнэ нэмэгдэхээр сүүний гарцаа сайжруулах зорилготой фермерүүд алдагдалтай байгааг хэлж байсан юм. Гэтэл малчдын гараас хямдхан сүү худалдаж авдаг үйлдвэрүүд нь үнээ нэмэхээр нөгөө л нэг фермер, малчид нь аргаа барж эхэлнэ...

 

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1